Н.Учрал Г.Занданшатарын поп шийдвэрүүдийг засварлаж чадах уу

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайд Н.Учрал анхны хуралдаанаараа 12100 аж ахуйн нэгжийн дансыг нээлээ. Энэ бол зөв нааштай дохио гэж нийгэм даяараа хүлээн авав. Мэдээж татварын өртэй гээд хэн нэг татварын байцаагч хаасан данснууд л даа. Тэд хуулийн заалтаар л хаагаа биз. Гэхдээ хаахгүй ч байж болох байж дээ гэдгийг саяны үйл явдал харуулж байна. Ер нь бол 30 мянган аж ахуйн нэгжийн дансыг хаасан. Дээрээс нь дампуурлаа зарлах гэж буй 60-аад мянган аж ахуйн нэгж байгаа. Татварын байцаагчид хаалгуулсан аж ахуйн нэгжийн гуравны нэгийг нээгээд буй аж. Үлдсэнийг нь хэзээ нээх вэ гэсэн асуулт гарч ирээд байгааг хүн бүр мэдэж байгаа байлгүй. Ний нуугүй хэлэхэд, энэ дансаа хаалгуулсан аж ахуйн нэгжүүд бол Ерөнхий сайд асан Г.Занданшатарын поп шийдвэрүүдийн л үр дүнд үүссэн билээ. Харбины гэрээ, Оюу толгойн арбитрт үүссэн маргаан, АМНАТ-ын хууль зэрэгт хөнгөн хуумгай хандаж, хэвийн явж байсан мөнгөн урсгалыг тасдаж хаяснаас үүдэлтэй. Аж ахуйн нэгжийг үйл ажиллагааг нь зогсоож шийтгэх бус тогтвортой ажиллаж л байвал татвар төлөгдөж, нийгэм хэвийн явна гэдгийг одоо хаа хаанаа ойлгох цаг болсон. Социализмын үеэс үлдсэн хааж боох ажил хийж хүмүүс цалинжуулж байгаагийнх нь төлөө үзэн яддаг сэтгэлгээг авч хаях болсон. Хууль дүрмүүд нь ч яг ийм сэтгэлгээгээр хийгдсэн байдаг. Татвар төлөөгүй бол шууд шоронд явдаг заалт хүртэл Татварын хуульд байдаг. Ер нь Н.Учрал Ерөнхий сайд Зандкагийн поп шийдвэрүүдтэй л зууралдсаар таарах байх. Аж ахуйн нэгж, ард түмэн чинь бүтэн жил юу ч хийгээгүй, ямар ч орлогогүй хий эргэсэн гэж байнга санаж явах учиртай.

Ө.Тулга

Эх сурвалж: DNN.MN

Сэтгэгдэл бичих