Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 23-нд тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг шалгуулахаар АТГ-т хандсан билээ. Үүнд “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, анхны гэрээ байгуулагдсан өдөр “Таван толгой төмөр зам” ХХК-ийн Голомт банкинд байрших 8145100943 данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн Голомт банкинд байрших 8154100935 тоот дансанд (хожим нь уг дансыг устгасан) 110 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 293.700.000.000.00 (хоёр зуун ерөн гурван тэрбум долоон зуун сая) төгрөгийг шилжүүлж, “Голомт финаншиал групп”-ээр дамжуулан “Валют арилжаа” гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий улстөрчдөд тус мөнгийг бэлнээр тараасан онц ноцтой мэдээлэл байна. Энэхүү нүүрсний хулгай нь энэ үйлдлээр зогсоогүй бөгөөд цаашид экспортын тонн тутмаас хувь тохирч, тодруулбал, “Бодь”-ийн нүүрсийг давуу байдал үүсгэн гаргаснаас үүдэж тухайн үед валютын нөөц багасах хүртэл түвшинд очиж байж хэмээн дүгнэж болно... Иймд Монгол Улсын иргэн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ миний бие Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаярын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна” гэсэн байв. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тайлбар мэдүүлэг 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр АТГ-т өгчээ. Тайлбар мэдүүлгийг бүтэн дөрвөн цаг гаруй хугацаанд өгсөн байна. Уг тайлбар мэдүүлгийг үндэслэн 50 гаруй гэрчийг дуудаж уулзах шаардлага үүсчээ. АТГ энэ талаар шаргуу ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд гэрчүүдтэй уулзаж уг хэргийг тодруулж дуусгахаар ажиллаж байна. Харин уг хэрэгт нөлөөлөх гэсэн оролдлого гарч АТГ-ын ажил удааширч байгаад бусад өндөр албан тушаалтанд холбогдсон хэрэг шиг замхрах вий гэсэн болгоомжлол ард түмний дунд үүсчээ.

Ө.Төр

"Өдрийн сонин"

/2026.04.08/

Сэтгэгдэл бичих