МАН-ын хоёр жил хүрэхгүй хугацааны гурав дахь Засгийн газрыг 40 дөнгөж шүргэж буй Н.Учрал тэргүүллээ. Ерөнхий сайдын албан тушаал гэдэг аманд байнга орж ирээд байх албан тушаал биш. Түүхэнд ямраар ч үлдлээ гэсэн Ерөнхий сайд л бол Ерөнхий сайд. Бөх болгон аварга, цэрэг болгон генерал болно гэдэг шиг улстөрч хүн бүрийн унтаа сэрүүндээ зүүдэлдэг зүүд бол энэ. Тиймийн учраас л Н.Учрал эдүгээгийн дэлхий болоод Монголын улс төр, эдийн засгийн хүндийг хойш нь тавьж байгаад томилогдчихлоо л доо. Эдийн засаг бол үнэнхүү хүнд байгаа. Үнэндээ эхлээ ч үгүй байна, хүндрэл нь. Үйлдвэрлэлгүй, хэрэглэгч улсын зовлонг нийтээрээ мэдрэх л байх. Айлууд юу гэнэ үү, манайх аманд нь багтаж амьдрах өдрүүд айсуй. Хэдэн жилийн өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Мах гурил байхад манайх болно доо гэж байсан нь эдүгээ гол руу орж байх шиг. Ерөнхий сайд болсон МАН-ын дарга Н.Учрал: Манай Засгийн газар ид шид амлахгүй гээд байна лээ. Ид шидийг нь бид үзнэ л дээ. Эдийн засгаас гадна улс төрийн эдүгээгийн хэрүүл маргаан басхүү том гай. Шулуухандаа: Монголын улс төр эдүгээ цагт тогтолцооны аль хувилбар руу явах вэ гэдэг дээрээ л маргаад байгаа. УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага байх уу, Ерөнхийлөгчийг албан ёсоор эрх мэдэлтэй болгох уу гэдэг маргаан. Тэрний хүрээнд Д.Амарбаясгалангийн Бортээг, Х.Булгантуяа нарын төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн үйлдлүүд бий болсон. Тэгсээр “Бодь”-ийн 110 сая ам.долларын хэрэг гээд хөврөн гарлаа...
Тиймийн учраас өнгөрөгч долоо хоногт бүгд: УИХ-ын дарга томилогдлоо. Засгийн газар бүрдлээ. Улс төр гацаанаас гарлаа гэж хөөрцгөөв. Үгүй юм аа. Гацаа байсан бол улам бүр мухар руу, мухар бол доошоо тултал уналаа. УИХ-ын даргыг яагаад Ерөнхий сайд руу гулсуулав? Харин гулсан буусан УИХ-ын даргын оронд МАН гайгүй сайн боловсон хүчнээ томиллоо. 12 онд МАН ялагдаж бүгдээрээ намаа хаяад гадагш дотогш явчихаад байхад С.Бямбацогт МАН-ын бүлгийн дарга гээд халуун чулуу атгаж явсан. Сөрөг хүчний бүлгийн дарга гэдэг бол тэр үедээ намдаа л хамгийн том албан тушаалтан. Тэр нь ухарч шантраад, урваж долдойгоод гүйвэл тэгээд өнгөрнө. С.Бямбацогт тэрний ард гарсан. Тэгснээ: 16 онд нам нь ялахад Хуулийн сайд болсон. Эрэмбэ нь бол дор хаяж ЗГХЭГ-ын дарга байсан юм. Гээд яахав, эдүгээгийн цөвүүн цагийн УИХ-ыг удирдах цаг нь болсон байх.
Аа харин Н.Учралыг Ерөнхий сайд боллоо гэхэд алга ташиж байсан улс төрийн зритель кабинетаа бүрдүүлэнгүүт эргэж хараад суучихлаа. Өнгөрөгч зун Г.Занданшатар хүртэл нүргэлсэн алга ташилттайгаар Засгийн газраа бүрдүүлж байлаа. Тэрүүгээр нь харахлаар Н.Учралын гараа Г.Занданшатарынхаас дор эхэлж байна. Тэгснээ: Н.Учрал одоо Г.Занданшатарын завхруулж орхисон эдийн засгийг, улс төрийг, цэгцэлнэ. Юм л бол: Хэмнэсэн, цомхотгосон гэж байгаад л өргөдлөө өгсөн. Тэгээд баахан тоо ярина. Тэр нь хэт хийсвэр. Хийсэн юм нь Оюутолгойн сөрөг нэхэмжлэлд ойчиж өгсөн. 200 тэрбумын АМНАТ-өөс нэр бүхий компанийг чөлөөлсөн. Орлогоо абортод оруулчихсан. Өргөдлөө өгөөд: Г.Занданшатар Рио Тинтотой тэмцсэн Монголын анхны Ерөнхий сайд гэсэн пиарыг тултал явуулсан. Рио бол Оюутолгой төсөлд Монголын Засгийн газартай хамтрагч. Түнш гэсэн үг. Түнштэйгээ тэмцэнэ гэж ч юу байхав. Харин сөрөг нэхэмжлэлд сөхөрч өгсний шанд нэрээр нь пиардах эрх цаадуул нь олгоо л байлгүй. Мөнхүү: Багш нар жагслаа гээд цалинг нь нэмэх шийд гаргасан. Тэрнийх нь санхүү зардал байхгүй. Олохгүй мөртлөө төсөв дээр биччихсэн. Хуримтлалын сангаас аргалаад өгч эхэлсэн. Энэнээс болоод төрийн цалингийн сан доголдчихсон. Бусад салбарынхан цалингаа нэмүүлнэ гэж шаардаад эхэлсэн. Н.Учрал энийг яаж аргалдаг юм байгаа юм, бүү мэд. Бодит үнэн энэ. Тэгснээ: Эдүгээ Монгол Улсад орлого олж байгаа юу ч байхгүй. Хэмнэлтээрээ амьдарч байна гэсэн үг юм уу даа. Улс төрийн маргаан бас л Г.Занданшатарын оролцоотой. МАН-ыг самарсан, засгийг бас. Томилогдоод удалгүй Ерөнхийлөгчийн суудал зүүдэлчихсэн. Засгийн газрын бүх үйл ажиллагаа 27 оны сонгуульд чиглэчихсэн. Энийг нь бүгд анзаарч харсан. Тэгээд цагаа наашлуулсан. Цагийг нь зогсоосон л. Тэрүүгээр нь харахаар Г.Занданшатар явж Н.Учрал ирсэн нь том улс төр бол биш. Тэрэнтэй хамаагүй. Харин чиг УИХ-ын гишүүн биш, доошоо тулах цэггүй шаар шиг Ерөнхий сайдыг сольж зөв зүйдээ орсон явдал. Харин чиг: Г.Занданшатар удсан бол эдүгээ дуулиан болоод буй "Бодь" компанийн 110 сая долларт чирэгдэх байсан байж магадгүй. Яагаад гэх нь ээ "Бодь" компанид 110 сая ам.доллар шилжүүлэх, өргөн утгаараа тус компанид өндөр өртөгтэй төмөр замыг хариуцуулаад, тэрийг нь хямд үнэтэй оффтейк гэрээгээр төлөх шийдвэрийг гаргасан зөвлөлийн нэг гишүүн нь тэр байсан, 19 онд. Энүүгээр нь хөөх нь ээ: Яагаад Ерөнхий сайд хүсээгүй захирамж гаргаж энэ хэдэн сайдыг томилов? Энийг улс төр гадарлах хэд сайн мэдэж буй. Н.Учрал хувь улстөрчийнхөө тухайд Ерөнхий сайд болоод энүүн шиг кабинет бүрдүүлнэ гэж ёстой байхгүй. Зөвхөн Н.Учрал ч биш хэн ч Ерөнхий сайд болсон ийм сайд нартай ажиллахгүй. Гэтэл нь: Сонин сонин дүрүүд сайд боллоо. Басхүү: Хэний ч Засгийн газарт байгаад баймааргүй сайд хэд дэх удаагаа ч гэнэ үү, үлдчихлээ. Голлоод: "Бодь" компанийн 110 сая долларын задаргаанд нэр дурдагдсан хүмүүс Н.Учралын Засгийн газарт үлдлээ. Энэнд бодлогын хяналт тавих Хуулийн сайдаар ч ардаа аваа өгөөний барьцтай улстөрч очлоо. Энүүгээр юу хэлэх гээд вэ гэхээр: Н.Учралын томилсон зарим сайд эргээд Н.Учралд улс төрийн саад учруулах магадлалтай. Шулуухандаа: "Бодь" компанийн 110 сая ам.доллар. Тиймийн учраас "Бодь" компанид барьцаалагдсан Засгийн газар гээд улстөрчид яриад байх шиг. Бодитой байна л даа, сайд нарыг харах нээ. Тэгэхлээр: Н.Учрал Ерөнхий сайд "Бодь" компанийн энэ мөнгөний учрыг олж, холбогдсон этгээдүүдийг сэгсэрч ард нийтэд аятайхан ойлголт өгөх нь зөв байх. Ер нь чиг: Бодь компанийн тараасан гээд байгаа 110 сая ам.долларын учрыг олох нь Ерөнхий сайд Н.Учралын хийх ёстой үүрэгт ажил мөн. Яагаад гэх нь ээ: 1.3 тэрбум ам.долларын асар өндөр зардлаар Гашуунсухайтын мухар төмөр замыг барьсан. Эдүгээ ямар ч ашиглалтгүй. Ашиглахын тулд дахиад зардал, дахиад ажил. Энүүгээр Монгол Улсыг хохироосон. Алдагдсан боломж гэж тооцвол аймшигтай дүн гарна. Энэ мэтийг ямар ч Ерөнхий сайд цэгцлэх үүрэгтэй. Эс бөгөөс Засгийн газар нь цаашаа явахад хүнд. Хүндэрвэл унана. Өмнөх Засгийн газрууд нь удаагүй. Эхнийх нь 10 сар, удаахь нь есөн сар болсон. Ийнхүү уруудаж буй. Н.Учралын ээлж найман сарын дараа ч юм бил үү, хэн мэдлээ...
Ө.БИЛЭГ
"Өдрийн сонин"
/2026.04.06/