МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /04.02/ УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, С.Бямбацогт нарын нэгийг нэр дэвшүүлэхээр яригдаж байсан боловч "хурлын явцад С.Амарсайхан нэрээ татсанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ" хэмээн МАН-ын удирдах зөвлөлөөс мэдээлэл өгсөн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрээр "Би УИХ-ын даргад нэрээ дэвшүүлээгүй. Нэрээ дэвшүүлээгүй, өрсөлдөөн бий болоогүй учраас нэрээ татах тухай асуудал яригдаагүй. Гадаад орчин нөхцөл ээдрээтэй, улсынхаа дотоод аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч байгаа энэ цаг үед Монгол төрийн бодлого улс орны эдийн засгийн аюулгүй байдалд анхаарах ёстой. Хэрэв алдсан бол засаж, маргасан бол зөвшилцөж, эвсэж улс орныхоо асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнээс биш өөрийгөө дэвшүүлээд, хэн нэгнийг дэмжсэн асуудал байхгүй. Нэг улс төрийн нам, нэг бүлэг, нэг хэсэг улс төрчдийн асуудал биш. Эвийг зангидан гэдэг бол үгсэж хуйвалдахыг хэлэхгүй. Хуулийн хүрээнд ёс жудагтай, зарчимтай шударга, нээлттэй үзэл бодлын нэгдлийг хэлдэг. Наашаа нэг юм харж хэлээд цаашаа өөр юм яриад явдаг асуудал байж болохгүй. Хэрэв хоёр талд хуваагдсан гэж байгаа бол энэ нэг намын асуудал биш болсон. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга тийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй. 30, 38-аар хуваагдсан асуудал нийгэмд ил тод бий. Тиймээс нэгдэж улс орны эрх ашгийг бодох тал дээр байр сууриа илэрхийлж ирсэн. 30, 38 гэдэг талцал хуваагдлаа зогсоогоод улс төрийн ууган хүчин юм бол ухаан зарж улс орны төлөө нэг хүнийг нэр дэвшүүлээд явбал би ачаа үүрээд явж болно. Талцал хуваагдлыг өөхшүүлж болохгүй" гэв.