Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Туулын хурдны замтай холбоотой асуудлыг өнөөдөр/өчигдөр/ Төсвийн байнгын хороогоор авч хэлэлцлээ. Сүүлийн өдрүүдэд тус замыг эсэргүүцэх нь ч их байлаа. Тиймээс та энэ замын асуудал дээр дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?
-Анх 2008 оноос судлагдаж эхэлсэн гэж би ойлгосон. Харин 2013 онд анхны трассыг нь баталсан УИХ болон Засгийн газрын тогтоол гарсан. Мөн тус онд байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээ батлагдаж гарсан байдаг юм билээ. Улмаар 2014 онд анхны концепци, зураг төсөл, 2016 онд анхны нарийвчилсан зураг батлагдсан. Өнөөдрийг хүртэл нийт дөрвөн удаагийн УИХ-ын тогтоол, таван удаагийн Засгийн газрын тогтоол, олон улсын байгууллагуудын 30-аад судалгаан дээр дурдагдсан байна. Ардчилсан нам төрийн эрх барьж байх үед буюу Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр, хотын дарга Э.Бат-Үүл нарын үед анх санаачилж хэрэгжүүлж эхэлсэн төсөл хөтөлбөр. Энэ бол Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамгийн өндөр үр өгөөжтэй төсөл байгаа юм. Нийт 32 км урт, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гарчихсан байгаа. Түүгээр барилга угсралтын үед дунд, ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. Өртгийн хувьд 2.3 их наяд төгрөг байгаа. Өнгөрсөн жил гэрээ хийж байхад ойролцоогоор 680 сая ам.доллар байсан.
Одоо бол энэ зам чинь зургаан эгнээ, 9.9 км гүүрэн байгууламжтай, асфальтны хэмжээ 18 см болсон гээд техникийн өөрчлөлтүүд орсон.
Үндсэн трасс өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдсөн гэвэл өнгөрсөн хугацаанд Туулын сав газар, эрэг дагуу орон сууц их барьж байгуулсан учраас тэр хэсгүүд дээр нь жаахан өөрчлөгдсөн. Улаанбаатар хот түгжрэл, агаарын бохирдол гэсэн хоёр дайсантай. Тийм болохоор энэ ач холбогдолтой төсөл дээр битгий улстөржөөч ээ гэж хэлмээр байна. Даваа гарагт АН-ын бүлэг дээр нээлттэй хэлэлцүүлэг явсан. Нэг талаасаа бол сайн зүйл. Гэвч нөгөө талаасаа тэнд оролцож байгаа судлаач, "saveTuul" хөдөлгөөний жагсагчид гээд байгаа хүмүүс өмнө нь Туул голын асуудалд ямар нэгэн байдлаар ажиллаж байгаагүй. Байгаль хамгаалагч биш хүмүүс байгаа. Миний харж байгаагаар улс төрийн зорилгоор орж ирсэн хүмүүс тэнд оролцож асуулт, хариултыг сонсолгүй гүтгэлэгийн шинж чанартай зүйлүүдийг ярьсан. Уг нь маш олон судалгаа тооцоотой, ТЭЗҮ-тэй, зураг төсөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээтэй, түгжрэлийг шийдэх ач холбогдолтой төсөл байгаа юм.
-Нөгөө талдаа нийслэлээс өмнөх цаг хугацаанд энэ төсөлтэй холбоотой мэдээ мэдээллийг сайтар өгч яваагүй болохоор гэнэтхэн ийм эсэргүүцэл гарлаа гэх хүмүүс ч байна. Ер нь энэ төслийг эсэргүүцээд байгаа хүмүүст ямар эрх ашиг байна гэж та харж байгаа вэ?
-Тойрог нэгээс гадна хог шатаах, Хүннү хот дээр ариутгах татуургын байгууламж, Эмээлт дээр дулааны цахилгаан станц хийж байгаа. Хойно Сэлбэ хотын бүтээн байгуулалт явагдаж байна. Ноднин яг жилийн өмнө Сэлбэ дээр мэдээлэл өгөхгүй байна. Хүний эрх зөрчиж байна гээд л байсан. Одоо Сэлбийн ажил жигдэрчихсэн явж байгаа. Түүний өмнө ТҮЦ, машины дугаарын асуудал гээд олон л зүйл болсон. Манай улсын хувьд 1984 онд ТЭЦ-4-ийн дөрөвдүгээр блокыг ашиглалтад оруулснаас хойш том хэмжээний бүтээн байгуулалт хийгдээгүй. Тийм учраас иргэд маань сайхан нийгэмд амьдрахыг хүсэж байна. Бид 2024 онд Улаанбаатар хотод ялахдаа “Шинэ Улаанбаатар-20 минутын хот” гэсэн уриатай оролцсон. Үүнийхээ дагуу явган замыг нэмэгдүүлж, станцуудаа барьж байна. Хурдны замаа барих гэж байна, трамвайгаа зарласан, метро, Тойрог-1-ээ барих гэж байна. Дээр нь нэмээд Сэлбэ орчимд бид 50 га талбайд анхны таван шатлалт нуурыг хийх гэж байна. Тийм болохоор эдгээр ажлуудыг хийчихвэл МАН, Х.Нямбаатарын нэр хүнд дийлдэхгүй болчихно гэдэг улс төрийн атаархал байна. Хоёрдугаарт, сөрөг хүчин үүнийг гацаах гэж оролдож байгаа. Гэтэл уг нь энэ чинь улстөржүүлээд байх сэдэв биш шүү дээ. Нэмээд олны анхааралд орох гэсэн хүмүүс байна. Түүнээс биш улаанбаатарчууд дэмжиж байгаа. Уржигдар албан бус судалгаа авахад 80 хувь нь дэмжиж байна гэж гарсан. Гэхдээ энэ бол олон улсад байдаг л зүйл. Дэлхийн бүхий л хотууд том төслөө эхлүүлэхдээ энэ мэт эсэргүүцэлтэй тулгарч байсан байдаг. Гэвч олонхынхоо эрх ашгийг хангаад, түгжрэл, агаарын бохирдлоосоо салах ёстой л гэж иргэн хүнийхээ хувьд боддог.
-Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Д.Энхтүвшин гишүүн та хоёрын хооронд асуудал үүссэн. Ер нь гишүүдийн яриад байгаа шиг нийслэлийн удирдлагууд үнэхээр тэгж тэднийг үл тоож, даапаалж харьцаад байгаа юм уу?
-Тийм үйлдэл огт гаргадаггүй. Би төрийн ордон, гишүүдтэй хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Үүн дээр нэг асуудал байна. Нийслэл дээр маш их ажил хийгдэж байгаа, завгүй байдаг. Бүх хүнтэй уулзаад яваад байх цаг зав байхгүй. Хоёрдугаарт, нийслэл дээр их ажил хийгээд байхаар хүмүүс атаархаад байх шиг байна. Дээрээс нь нийслэлийн гүйцэтгэх удирдлага бол НИТХ-даа л тайлагнах ёстой. УИХ-ын гишүүдийг бол мэдээллээр хангана. Орон нутгийн эрх мэдэл рүү хэт орж, УИХ-ын гишүүн гэдгээрээ далайлгаж ярих гээд байдаг. УИХ-ын гишүүднд микрофон илүү олддог, тэр хэрээрээ их ярьдаг. Харамсалтай нь гүтгэж байгаа. Д.Энхтүвшин гишүүний хувьд тодорхой хэмжээнд уурласан. Засаг дарга бие засахаар гараад явсан. Тэр хооронд уурласан, би бие засахаар явсныг нь тайлбарлаж хэлсэн. Гэвч чи хүндэтгэлгүй хандлаа гэсэн. Тэгээд намайг гараад ир гээд, гараад очтол мөргөж унагаасан. Гэвч би ямар нэгэн гомдол гаргахгүй. Дараа нь угаасаа орж ирээд уучлалт гуйсан.
-Төсвийн байнгын хорооны хуралд Ерөнхий сайд Н.Учрал суулаа. Энэ үеэрээ Туулын хурдны замын төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн болов уу?
-Энэ бол МАН-ын УИХ болон орон нутгийн сонгуульд орохдоо амласан гол мөрийн хөтөлбөрийн ажил. Тэгэхээр үүнийг МАН бүгдээрээ дэмжиж ажиллаж байгаа. Үүн дээр ямар нэгэн асуудал байхгүй.
-Тэгэхээр ингэж байр сууриа илэрхийлсэн гэж ойлгож болох уу?
-Ерөнхий сайд яг өөрөө албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй. Өөр асуудал дээр орж ирсэн юм байна лээ.
-Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг хөндсөн, гарын үсэг цуглуулж байгаа гэсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Би үүн дээр цахим орчин дээрх л мэдээлэлтэй байна. Гэхдээ тодорхой тооны иргэд эсэргүүцэх бол хэвийн асуудал. Сонгуульд угаасаа 100 хувь ялалт байгуулдаггүй. МАН нийслэлд 45 суудлаас 40 суудлыг авсан. Тэгэхээр нийт улаанбаатарчуудын маань дэмжлэг байгаа гэж харж байна. Хэн нэг даргыг огцруулах асуудлыг хөндөж тавих нь ардчилсан улсад байх ёстой хэвийн үзэгдэл. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нэгэн цул, ойлголцол нэг байгаа.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
"Өдрийн сонин"
/2026.04.02/