Монголын хөрөнгийн биржийн индексүүд харьцангуй бага хэлбэлзэлтэй байв

оруулсан Алсын Хараа

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутам Монголын дотоодын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж эхэлж байна. Энэхүү мэдээлэл долоо хоног бүрийн эхэнд уншигчдад хүрч байх юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 15.07 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6.99 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Голомт Банк ХК, Хаан банк ХК, Инвескор ББСБ ХК, АПУ ХК  болон Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна.

Тус хугацаанд 2 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:

  • Инвескор ББСБ ХК-ийн (INV) 80 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 9,870 төгрөгөөр буюу нийт 789.6 сая төгрөгөөр;
  • Голомт Банк ХК-ийн (GLMT) 1.7 сая ширхэг үнэт цаас нэгжийн 1,301 төгрөгөөр буюу нийт 2.2 тэрбум төгрөгөөр;
  • Голомт Банк ХК-ийн (GLMT) 233 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 1,293 төгрөгөөр буюу нийт 302 сая төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Сүүлийн 7 хоногийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн индексүүд харьцангуй бага хэлбэлзэлтэй, тогтуун динамиктай байлаа. TOP-20 индекс -0.37%, MSE A индекс -0.15%-иар тус тус буурсан бол MSE B индекс +0.59%-иар өссөн үзүүлэлттэй байна. TOP-20 болон MSE A индексүүдийн бууралт нь зах зээлийн нийт үнэлгээнд жинтэй нөлөөтэй компаниудын ханшид бага хэмжээний сулрал ажиглагдсаныг илтгэж байна. Харин MSE B индексийн өсөлт нь зах зээлийн бусад сегментэд тодорхой хэмжээнд эерэг хөдөлгөөн хадгалагдсаныг харуулж байна.

Нийт дүнгээр, индексүүдийн өөрчлөлтүүдийн хэмжээ бага байгаа нь зах зээлд огцом хөдөлгөөн, өндөр хэлбэлзэл ажиглагдаагүй, харьцангуй тогтвортой нөхцөл хадгалагдсан долоо хоног байсныг илэрхийлж байна.

II САРД ТӨГРӨГ АМ.ДОЛЛАР БОЛОН БУСАД ВАЛЮТУУДЫН ЭСРЭГ СУЛАРЧЭЭ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны хоёрдугаар сард төгрөгийн ханш ам.доллар болон бусад гол валютуудын эсрэг сулрах хандлага үргэлжилжээ. Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3,565.87 төгрөг болж, өмнөх сараас 4.8 төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеэс 106.7 төгрөгөөр суларсан байна.

Мөн төгрөгийн евротой харьцах ханш 4,221.12 төгрөг хүрч, сарын дүнгээр 41.6 төгрөгөөр, жилийн дүнгээр 619.7 төгрөгөөр суларсан нь гол валютуудаас хамгийн өндөр өөрчлөлттэй үзүүлэлт болж байна.

Бусад валютуудын хувьд ч ижил чиг хандлага ажиглагдаж, рублийн ханш 46.31 төгрөг (сарын +0.7, жилийн +8.7 төгрөг), юанийн ханш 516.38 төгрөг (сарын +5.4, жилийн +41 төгрөг)-т хүрч, төгрөгийн сулрал үргэлжилсэн байна.

Гол үзүүлэлтүүд:

  • USD/MNT: 3,565.87 (+4.8₮ MoM, +106.7₮ YoY)
  • EUR/MNT: 4,221.12 (+41.6₮ MoM, +619.7₮ YoY)
  • RUB/MNT: 46.31 (+0.7₮ MoM, +8.7₮ YoY)
  • CNY/MNT: 516.38 (+5.4₮ MoM, +41₮ YoY)

Хоёрдугаар сард төгрөгийн ханш голлох валютуудын эсрэг жигд сулралтай гарч, валютын зах зээлд дарамт үргэлжилж буйг илтгэв. Сарын өөрчлөлтүүд харьцангуй бага түвшинд хадгалагдсан ч жилийн дүнгээр сулрал илүү тодорхой ажиглагдаж, ялангуяа еврогийн хувьд огцом өсөлттэй байна. Үүнээс харахад ханшийн хөдөлгөөн богино хугацаанд тогтуун шинжтэй боловч дунд хугацаанд сулрах чиг хандлага хадгалагдаж байна.

"НИЙСЛЭЛ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 100 ХУВЬ АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

НИТХ-ын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25/145 дугаар тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 49 дүгээр тогтоолын дагуу 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 ширхэг “Нийслэл бонд” өрийн хэрэгслийг олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 200 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх анхдагч зах зээлийн захиалга амжилттай хаагдлаа.

Тус бондоор татан төвлөрүүлсэн санхүүжилтийг Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой Дулааны V цахилгаан станц (ДЦС-5) төслийн эхний үе шатанд зарцуулахаар төлөвлөж байна. Мөн төслийн эхний блокийг 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд дараагийн блок мөн онд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулаан, цахилгааны хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Энэхүү бондын арилжаа нь дотоодын зах зээл дээр томоохон дэд бүтцийн төслүүдийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх боломж бодитой байгааг баталсан жишээ боллоо.

Сэтгэгдэл бичих