АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачдыг албадан нутаг буцаах хатуу бодлого, Ирантай хийж буй дайн болон улс төрийн бусад шийдвэрийг эсэргүүцсэн “No Kings” жагсаалын гурав дахь давлагаа тус улс даяар өрнөжээ.
Зохион байгуулагчдынх нь мэдээлснээр, АНУ-ын бүх 50 муж улсад 3 200 гаруй арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд өмнөх хоёр удаагийн улс даяарх жагсаалд олон сая хүн оролцсон байна.
Нью-Йорк, Даллас, Филадельфи, Вашингтон хотуудад томоохон жагсаал болсон хэдий ч энэ удаагын “No Kings” хөдөлгөөний гуравны хоёр нь том хотуудаас гадуур зохион байгуулагдсан нь өмнөх оны зургаадугаар сард болсон анхны жагсаалтай харьцуулахад жижиг хот, суурин газруудад оролцогчдын тоо 40 орчим хувиар өссөнийг харуулж байна. Д.Трампын хууль бус цагаачидтай тэмцэх хатуу бодлогын халуун цэг болоод буй Миннесота муж улсын Сент-Пол хот дахь Капитолын ордны гадна нүсэр жагсаал болжээ. Цугларсан олон энэ оны эхээр Миннеаполис хотод цагаачлалын албаныханы гарт амиа амиа алдсан АНУ-ын иргэд болох Рене Гүүд, Алекс Претти нарын гэрэл зураг бүхий лоозонг барьсан байв.
Вермонт муж улсаас сонгогдсон АНУ-ын сенатч Берни Сандерс Миннесотад болсон жагсаалд оролцогчдод хандан үг хэлсэн бол хөгжимчин Брюс Спрингстин Трампын цагаачлалын бодлогыг шүүмжилж, амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан “Streets of Minneapolis” дуугаа дуулсан байна.
Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдээлснээр, Манхэттен дүүргийн төв хэсэгт хэдэн арван мянган хүн цуглаж, эсэргүүцлийн жагсаал 10 гаруй гудамжийг хамран үргэлжилжээ. Холливудын жүжигчин Роберт Де Ниро хэлэхдээ, Трампаас өмнө нэг ч Ерөнхийлөгч “АНУ-ын эрх чөлөө, аюулгүй байдалд ийм ноцтой аюул учруулж байгаагүй” гэсэн байна.
Даллас хотод болсон жагсаалд мянга мянган хүн нэгдсэн бөгөөд энэ үеэр "No Kings" хөдөлгөөнийхөн болон уг хөдөлгөөнийг эсэргүүцэгч бүлгүүүдийн хооронд мөргөлдөөн гарч, хотын цагдаагийн газраас хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан байна.
Reuters болон Ipsos агентлагийн явуулсан хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар Д.Трампын нэр хүнд 36 хувь болж буурсан нь түүнийг Цагаан ордонд эргэн ирснээс хойших хамгийн доод үзүүлэлт болоод байна.