Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс цугласан нийт 750 гаруй залуу төлөөлөгчийн оролцсон “Youth Council Summit 2026” арга хэмжээ энэ сарын 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулагджээ. Тус арга хэмжээнд УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж оролцож, МАН-д өрнөөд буй улс төрийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяагийн талаар "Д.Амарбаясгаланг хүн алсан гэж хэлээд 1 жил болж байна. Энэ асуудлаа мухарлах хэрэгтэй. Хүнийг онц ноцтой хэрэгт гүтгэсэн нэг тийш нь шийдэх ёстой. Х.Булгантуяаг хурал удирдсан гэж буруутган төрийн эрхийг хууль бусаар удирдсан гэж ял авна шүү чи гэж сүрдүүлсэн байсан. Тэр эмэгтэйг тэгж яахав нь вэ. Миний төрд ажилласан 27 жилийн хугацаанд ҮХЦ хэзээ ч тийм асуудлыг хэлэлцэж хуралддаггүй байсан. УИХ нь ЗГ-таа хариуцлага тооцох биш ЗГ нь УИХ-даа хариуцлага тооцсон үйл явдлыг анх удаа харлаа" хэмээн ярьсан байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын албыг хашиж байхдаа удирдсан чуулганы нэгдсэн хуралдаан нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэцээс гаргасан. Улмаар түүнийг төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт буруутган, Улсын ерөнхий прокурорын газраас яллагдагчаар татаад буй. Улмаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа хэмээн МАН-ын дарга Н.Учрал Х.Булгантуяа, Д.Амарбаясгалан нарын хэд хэдэн гишүүнийг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэхээ мэдэгдээд байсан билээ.