" УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргасан тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.
Танхимын хичээл, сургалт зогссон ч теле хичээл 6 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлэх юм байна. Ямар нэгэн хүүхэд улираах, дахин сургах асуудал гарахгүй, 9 дүгээр сарын 1-нд 2020-2021 оны шинэ хичээлийн жил эхэлнэ гэдгийг тэрбээр тодотгов. Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт цэцэрлэг, сургууль, дотуур байрны цахилгаан, дулааныг энэ сарын 15-наас хязгаарлаж төсөвт хэмнэлт гаргахыг чиглэл өгчээ. Уг хэмнэсэн төсвийг шаардлагатай байгаа арга хэмжээнд зарцуулахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байгааг онцоллоо.
Харин төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ыг 7 дугаар сарын 2-нд явуулах тов хэвээрээ байгааг дуулгав. Их, дээд сургуулийн элсэлтийг 7 дугаар сарын 8,9-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэв. Мөн энэ жил элсэгчдээс монгол хэл, бичгийн шалгалтыг авахгүй байх шийдвэр гаргажээ.
“ЭЕШ-д орох хүүхдээс монгол хэл, бичгийн шалгалтыг заавал авах Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол байдаг. Энэ жил монгол хэл, бичгийн шалгалтгүйгээр бүх хүүхэд ЭЕШ-д орно. Үүнтэй холбоотой шийдвэр, тогтоол гарсны дараа тодорхой зохицуулалт хийнэ” хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийн үеэр тэмдэглэв. Мөн энэ жил есдүгээр анги төгсөж байгаа сурагчдын дунд улаан шугам татахгүй, МСҮТ-д элсэх, эсвэл үргэлжлүүлэн ЕБС-даа суралцах эсэхээ сурагч өөрөө шийднэ гэлээ.
Энэ сарын 13-ны байдлаар, 28500 сурагч 12 дугаар анги төгсөх мэдээ байна. Үүнээс одоогоор 20 мянга гаруй сурагч ЭЕШ-даа бүртгүүлжээ. ЭЕШ-ын бүртгэл, зохион байгуулалтыг цахимаар шийдэж байгаа аж.
Цэцэрлэг болон хувийн сургуулийн хаврын бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулахаар болжээ. БСШУСЯ-наас төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэг төлбөрөө хөнгөлөх асуудлыг эцэг эхчүүдтэй нь зөвшилцөж, байгуулсан гэрээнийхээ хүрээнд шийдэх нь зүйтэй гэж үзжээ.
Мэргэжлийн сургалтын төвүүд ДЭМБ-ын зөвлөмжийг баримталж сургалтаа явуулах хүсэлт УОК-т ирүүлж буйг тэрбээр дурдаад, тухайн сургалтын байгууллага нь ХНХЯ-наас зөвшөөрөл авч, тус яамны хяналтад сургалтаа явуулахыг зөвлөлөө.
Өнөөдрийн байдлаар, ЮНЕСКО-гийн гишүүн 192 улс орон хичээл, сургуулийн сургалтыг зогсоож нэг тэрбум 700 сая хүүхэд хөл хорионд байгаа аж.
Улаанбаатар /МОНЦАМЭ/