“ДЦС-5” төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн 10.3, Өрийн удирдлагын тухай хуулийн 281.1-д зааснаар нийслэлийн үнэт цаасны дээд хэмжээг 275 тэрбум төгрөгөөр баталсан.

Үүний дагуу холбогдох бүх хууль, тогтоол, тогтоомжид үндэслэн Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг нийслэл дотоод бонд гаргаж, 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр боллоо. Өнөөдөр нийслэлийн бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж, цан цохих ёслолыг зохион байгуулав. Ийнхүү гурван жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 мянган ширхэг нийслэлийн бондыг олон нийтэд нээлттэй арилжиж эхэлсэн байна.

Ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэлэхдээ, “Хотын эрх зүйн байдлын тухай хуулийг олон жилийн дараа шинэчилснээр нийслэл томоохон дэд бүтцийн төслүүдээ санхүүгийн олон төрөл хэрэгслийг ашиглаж санхүүжүүлэх боломжийг нээсэн. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 40 орчим хувь нь уламжлалт гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллоос иргэдийг орон сууц руу шилжүүлэхэд хамгийн нэгдүгээрт хийх ёстой ажил бол цахилгаан, дулааны эрчим хүчийг нэмэгдүүлэх юм. Улаанбаатар хот одоогоос хоёр жилийн өмнө анхны дотоод бондыг арилжиж байсан. Хоёр жилийн хугацаатай гаргасан дотоод бондыг энэ оны эхний хоёрдугаар хагаст төлөөд дуусаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэл төлөх ёстой дотоод бондын үлдэгдэлгүй болсон учраас 42 жилийн түүхтэй Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн санхүүжилтэд шаардах 200 тэрбумын бондыг өнөөдөр арилжихад бэлэн боллоо. ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган айлыг эрчим хүчээр найдвартай хангаж, 40-50 мянган айлыг дулаанаар хангах том эх үүсвэр бий болно. Энэ станц 2028 оны I улиралд эхний блокоо хүлээж авснаар олон нийтэд үр өгөөжөө хүртээнэ” хэмээн онцоллоо.

Эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох зорилгоор “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, “Митайм интернэйшнл” компанитай гэрээ байгуулсан бөгөөд нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар байхаар төлөвлөсөн. Үүнээс нийслэлийн хариуцах хөрөнгө 131.7 сая ам.доллар байгаа бөгөөд энэ нь 467.4 тэрбум төгрөг болж байна. Үүнээс 2026 онд уг төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, төслийн барилгын ажлын хугацааг 30 сараар тогтоод байна.

Сэтгэгдэл бичих