УИХ-ын дарга Н.Учрал өөрийн засгийн газрынхаа бүтцийг тоймлон зураглаж байгаа сураг гарах боллоо. УИХ-ын даргаар удахгүй юм болов уу даа. Ямар ч шийд гаргаж чадахгүй, ажил хийх ямар ч боломж гаргаж өгөхгүй, хэлсэн болгон нь унаад байвал яаж УИХ-ыг даргалах билээ. Яагаад гэвэл АН, УИХ-ын дарга нэг намын дарга байж болохгүй. МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргаасаа болихгүй бол хуралд суухгүй гэж мэдэгдсэн. Үүнийг бүүр намын бүлэг дээрээ зуун хувь дэмжсэн гэв. Дор хаяж УИХ-ын 70 гаруй гишүүд ингээд байх нь тоглоом биш гэж бид урьд нь бичиж байсан. Хамгийн ноцтой нь УИХ-ын дэгийн заалт бий. Гишүүд даргаа огцруулах гэж бичгээр санал өгвөл дараалал харгалзахгүй хэлэлцэнэ гэж түүнд заасан. Ямар хөлдүү толгойлж суугаад гишүүдээсээ бичиг авалтай биш. Засагт хөдөлгөөн орох нь бараг тодорхой болчих шиг болов. УИХ дахь АН-ын бүлэг өмнө нь ч бас ийм хөдөлгөөн акц хийж байсан. Тэд Д.Амарбаясгаланг намын даргаар дөнгөж томилогдонгуут “Нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй” гэсэн акц өрнүүлж, нөгөөх нь ч тэр дороо УИХ-ын даргаасаа больж байлаа. Тийм ч учраас АН дээрх акцыг сурамгай хийж байгаа юм. Ингээд Н.Учралын Засгийн газар хэзээ мөдгүй байгуулагдаж магадгүй бололтой. Гэхдээ Г.Занданшатарын Засгийн газар шинэ сайд томилох, зарим сайдаа халах гэх мэт зүйлс хийгээд байгаа нь ямар учиртайг мэдэх хүн өнөөхөндөө алга.160 МВт цахилгаантай байсан улсыг хүлээж авсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “аргалсаар” байгаад 300МВт цахилгаантай болгочхоод ажил хийсэнгүй гээд огцорч байгааг баргийн хүн ойлгохгүй байх аа. Н.Учралын Засгийн газар ямар ч байсан АН-тай хамтрахгүй байлгүй дээ. Бага хурлаараа хамтарч болохгүй гэсэн тогтоол гаргасан. Харин хуучин хамтрагч байсан ХҮН нам, ИЗНН-тайгаа хамтрах байх. Н.Номтойбаярын намтай хамтарч магадгүй гэх сураг ч байна. Шинэ Засгийн газарт Сангийн сайдаар Г.Тэмүүлэн байж магадгүй гэнэ. Бас Барилга хот байгуулалтын сайдаар жагсаалтын шинэ гишүүн Г.Лувсанжамц зурагдсан гэнэ. Тэгээд хуучин том сайдууд нь зарим нь үлдэж үргэлжлүүлэн ажиллах, зарим нь шинээр томилогдох гээд өөд уруугүй юм болж байна гэх юм. Нөгөө УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хэлдгээр хойд хөлөө тавдугаар араандаа хийгээд жирийлгэцгээж байгаа юм байх аа. Үнэн худал нь удахгүй тодорно доо яахав.
"Өдрийн сонин"
Ө.Тулга