Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2026 оны 3-р сарын 11-нд "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцсон нь түүнийг Ерөнхий сайдын албан тушаалаас бууснаас хойш өгсөн анхны том ярилцлага болсон юм. Мөн уг ярилцлага 5 цаг 42 минут үргэлжилсэн бөгөөд "Лхагвын тойм"-ын хамгийн урт нэвтрүүлэг гэдэг рекордыг тогтоолоо.
Тэрбээр Ерөнхийлөгчийн авирлал хэрээс хэтэрсэн талаар болон парламентын ардчиллын амин сүнс алдагдах гэж байгааг шулуухан ярилаа. Ер нь л сураг таамаг төдий явж ирсэн, сошиалд болон нийгэмд дуулиан тарьсан олон асуудлыг хөндөж нээлттэй ярив. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг “Бодь” группээс 500 мянган ам.доллар авсан гэж мэдэгдсэн. Тэрбээр "Нүүрсний сонсголыг сайд Б.Энхбаяраар би удирдуулж хийлгэсэн. Тэр үед “Бодь” групп Тавантолгойн нүүрсийг давуу эрхтэй гаргаж, бусад нь Хятад руу нүүрсээ гаргаж чадахгүй болсон байлаа. Нүүрс нь гадагшаа гараад байдаг доллар валют орж ирдэггүй. Ингээд Б.Энхбаяр “Нүүрсний сонсгол” удирдаж Бодь группийн ноотой, ноцтой нүүрсний хулгайн хэргийг илрүүлэх ёстой байтал тэр нь “Бортээг”-ийн нүүрсний хулгай болон хувирсан. Би сонсголын дараа Б.Энхбаяртай уулзаад “Нөгөө Бодь группийн нүүрсний асуудал юу болсон бэ?” гэтэл тэр урдаас “Бодийн асуудал чинь Үндэсний Аюулгүй байдалтай холбоотой юм байна. Би харин Бортээгийн нүүрсний хулгайн ноцтой баримт олсон” гэж хэлсэн. Тэр үед ҮАБЗ-д Ерөнхийлөгч нь Х.Баттулга, Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх, УИХ-ын дарга нь Г.Занданшатар байсан. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тэр үед Бодь группээс 500 мянган долларын хахуулийг хоёр гурван удаагийн давтамжтай авсныг би ч мэдсэн, бүр харсан хүмүүс ч бий. Ийм л юм болсон доо. Одоо би ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын 500 мянган долларын авлигын хэргийг АТГ-т өгөх гэж байгаа" гэлээ.
Ярилцлагын үеэр хөндөгдсөн анхаарал татсан гол эшлэлүүдээс хүргэж байна.
1. Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь” ХХК-иас 500 мянган доллар авч, нүүрсний сонсголыг замхруулсан![]()
2. Нүүрсний сонсгол дээр Бортээгийн асуудлыг албаар улс төрийн зорилгоор гарган ирж, Бодийн оффтейк гэрээнүүдийг хаацайлсан
3. Д.Амарбаясгаланг яагаад намын даргад нэр дэвшсэний дараа нүүрсний хэрэгт холбогдуулж шалгасан бэ? Үнэхээр хэрэгт холбоотой байсан юм бол УИХ-ын дарга байхад нь шалгаж болох байсан. Тэгэхээр энэ бол улс төртэй л холбоотой.
4: Л.Оюун-Эрдэнэ: Х.Булгантуяа Засгийн газар огцрох хурлыг удирдаад гэмт хэрэгтэн болоод байвал парламентын ардчилал байгаад яах юм? Тэр хурлыг удирдаад хүнд таалагдаагүй байж болно. Гэхдээ таалагдахгүй байна гэдэг гэмт хэрэг биш!
5. 2027 оны сонгуулиас болж Ерөнхийлөгч бид 2 таарахаа больсон. Тийм учраас манай Засгийн газар огцорсон...
6. Х.Баттулгыг муулах гээд байгаа нөхөд чинь хэзээ ч уулзаж байгаагүй юм шиг урт хадагнууд бариад, Ерөнхийлөгчийн хөлийг үнсэх юу ч биш шүү. Ер нь таллаж хэвтээд, мөлхөж орж ирнэ шүү дээ
7. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорь гэдэг чиглэлийг "Хонгилын түлхүүрийн эзэн" үүрэгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдсан нь үнэн.
8. Нийслэлийн төсвийг нэмж Х.Нямбаатарыг хотын дарга болгосон. Нийслэлд үүнээс илүү их мөнгө хэрэгтэй. Мөнгөгүйгээс болоод шийдэж чадахгүй олон асуудал байгаа. Мөнгө эрх мэдэлгүйгээр хот яаж асуудлаа шийдэх юм бэ?
9. Би А.Амундратай нийлж бизнес хийсэн ч юм уу, мөнгө төгрөгийн харилцаанд орсон ч юм уу тийм зүйл байхгүй. Зугтчихсан байгаа. Би лав зугтаа гэж хэлээгүй. Харин ч би авч ирээд яриул гэж хэлээд байна. Яриулъя гэж ярьж байгаа хүн зугтаалгах уу?






















Бүтэн ярилцлага үзэх:
https://www.facebook.com/watch/?v=1879623072759184