Ираны эсрэг Израил, АНУ-ын хамтарсан цэргийн ажиллагаа эхэлсэн өдөр буюу бямба гарагт Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын командлал Ормузын хоолойг хаасан гэдгээ мэдэгдсэн юм.
Гэтэл дараа өдөр нь Ираны эрх баригчид энэ мэдээллийг үгүйсгэж, зөвхөн Америкийн зэвсэгт хүчинтэй холбоотой хөлөг онгоцуудыг тус хоолойгоор нэвтрүүлэхгүй хэмээн зөрүүтэй мэдээлэл хийлээ. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи-гийн мэдэгдсэнээр, тус улс Ормузын хоолойг хаахаар төлөвлөөгүй байгаа ажээ. Гэтэл Иран руу довтолсон ямар ч тохиолдолд уг хоолойг хаана гэдгээ Ираны тал мэдэгдсээр ирсэн билээ.
Ормузын хоолой бол Персийн буланг Оманы хойг болон Энэтхэгийн хоолойтой холбодог тэнгисийн маш нарийхан коридор бөгөөд Иран, Оман, АНЭУ-ын дунд оршдог. Энэ хоолой бол дэлхий даяар жилд экспортолж буй нефтийн 15-20 хувь, шингэрүүлсэн шатдаг хийн 30 хувийг зөөвөрлөдөг стратегийн чухал зам юм. Тэгэхээр түүнийг хаана гэдэг бол дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн сүлжээг бусниулж, нефть ба хийн үнийг огцом өсгөх нь тодорхой.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, өнөө өглөө болсон арилжаагаар 5 дугаар сард нийлүүлэх Брент маркийн газрын тосны үнэ 9-10 хувиар өсөж, 80 доллароос давсан байна. Энэ бол 2025 оны 6 дугаар сарын 23-наас хойших хугацаанд үнэ 80-аас давсан анхны тохиолдол юм. Мөн алтны үнэ 1,8 хувиар өсөж 5334 долларт, мөнгөний үнэ 2,94 хувиар өсөж 96,04 долларт хүрсэн байна.