МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ

оруулсан Алсын Хараа

Б.ОЧИР

Монголын улс төрийн намуудад “даяарчлал” явагдаж байна. Хэдийгээр, үзэл баримтлал, улс төрийн чиг хандлагууд нь тэс өөр боловч улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудалд нэг ижил байр суурьтай байх нь элбэгшив. Мөн, улс төрийн нам нь өөр улстөрчид тухайлсан асуудлаар нэгдэж ажиллах нь ихэссэн. Түүнчлэн, албан бус олон үйл ажиллагаа, түүгээр барахгүй улс төрийн сонгуульд ч өрсөлдөгч намынх атлаа албан бусаар хамтарч ажилладаг нь нууц биш болжээ. Энэ нь, олны анхаарлыг төдийлэн татахгүй, аажмаар явж буй ч улс төрийн ажиглагч, судлаачид үүнийг анзаараад авчээ. Явсаар, улс төрийн намуудад шинэчлэлт, зүй тогтлоо дагах хөшүүрэг хэрэгтэйг илэрхийлж буй хэрэг юм.

Сүүлийн өдрүүдэд “…Н.Номтойбаярыг дагагчид Үндэсний эвслийг орхин, МАН-даа буцаж орох нь ихэсжээ” гэх агуулга бүхий мэдээлэл үе үе цацагдах болсон.

Энэ санаандгүй мэдээ биш бололтой. Тэр тусмаа, МАН-аас очсон хүмүүс нь намдаа буцаж байгаа тухайд бараг эсрэгээрээ болж буй тухай улс төрийн хүрээнд хэдийнэ мэдээд, яриад эхэлжээ. Тодруулбал, МАН, АН-аас нэлээд том “урсгал” салж тус эвсэлтэй хамтарч ажиллаад эхэлжээ. “…УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар улс төрийн хэд хэдэн томоохон уулзалт энд тэнд болсны нэг нь энэ” гэж улс төрийн хүрээнд яригдаж эхлэв. “…Үндэсний эвсэл дээр төвлөрч буй энэхүү нэгдэл нь хувьсгалт шинэчлэлийг бус, аажмаар явагдах хувьслын шинжтэй өөрчлөлтийг дэмжих консерватив урсгал буюу консерватизмын шинжтэй. Учир нь, МАН, АН-ын нэр хүнд унаж, ХҮН нам нэр хүндээ алдсан зэрэг хүчин зүйл ийм нэгдлийг бий болох хүчин зүйл болсон.

Тиймээс аль аль намаас уг “урсгал”-д нэгдсэн болов уу. Үүнд, УИХ-ын гишүүд нэлээд нэгдэж байгаагаараа онцлогтой байна” хэмээн ажиглагчид дүгнэжээ. Үнэхээр ч тэд, нийгмийн гэнэтийн, эрс өөрчлөлтөөс зайлсхийж, уламжлалт үнэт зүйлс, соёл, шашин, улс төрийн хэв журам, тогтвортой байдлыг хадгалж үлдэхийг чухалчилсан шинэчлэлийн хөдөлгөөн болгож өрнүүлэхээр тохирчээ. Угаасаа, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын байгуулсан Үндэсний эвсэл нь анхнаасаа “…Улс төрийн авлигыг устгах, нам төвтэй эрх мэдлийг задлах, эдийн засгийг либералчлах үндсэн зорилготой төвийн үзэлт, үндэсний ардчилсан чиг баримжаатай улс төрийн хүчин” гэдгээ зарласан. Намын хамааралгүй, мэргэжлийн, хараат бус төрийн албыг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрх чөлөөг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үзэл санааг барьж ажилладаг.

Тиймээс, Үндэсний эвсэл дээр төвлөрч буй “урсгал” Ерөнхийлөгчийн 2027, УИХ-ын 2028 оны сонгуулиар хэрхэн ажиллахаа ярилцаж, бэлтгэлээ хангаж буй сураг ч дуулдав.

Түүнээс гадна, Үндэсний эвсэл Их Британийн Реформ намтай холбоо тогтоож, хамтарч ажиллаад эхэлсэн байна. Реформ нам нь Их Британийн улс төрд популист, баруун жигүүрийн үзэл баримтлалтай гэдгээрээ танигдсан. Сүүлийн үеийн санал асуулгаар олны дэмжлэг байнга нэмэгдэх болсон. Өнгөрсөн оны байдлаар иргэдийн 20-25 орчим хувийн дэмжлэгтэйгээр томоохон намаас илүү байр суурьтай болж, улс төрийн тавцанд хүчтэй өрсөлдөгч болон гарч ирсэн.

Үүгээрээ, тус нам нь Их Британийн улс төрийн хоёр намын тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулж, нөлөөгөө тэлжээ. Тэр утгаараа, Үндэсний эвсэл ч ирэх сонгуулиудын өмнөхнөөс эхлээд улс төрийн маш сонин, содон мэдэгдэл, акцуудаар “бөмбөгдөж” мэдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 26 (7768)

Сэтгэгдэл бичих