Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл эхлүүлэхгүй байх чиглэл өгсөн билээ.
Үүний дагуу санал боловсруулж, УОК-ын хурлаар хэлэлцүүлнэ гэдгээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлээд байгаа. Тэрээр “Хичээлийн жил тавдугаар сарын 30-наар дуусна. Тиймээс хөл хориог тавдугаар сарын 30 хүртэл үргэлжлүүлж, есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр судалж байгаа. Энэ талаар тодорхой саналуудыг УОК хуралд оролцуулж хэлэлцүүлнэ. Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг гол байгууллага болох Эрүүл мэндийн яамнаас саналыг нь авахаар өнөөдөр албан бичиг илгээсэн. 12 дугаар ангийн хүүхдүүдэд тавдугаар сард багш нар нь нүүр тулж уулзаад давтлага хийлгэх ямар боломж байна вэ гэдгийг судалж байгаа. Ариутгал халдваргүйжүүлэлтийн горимд нь нийцүүлж, эрүүл мэндийг нь хамгаалсан орчин нөхцөлд зөвхөн 12 дугаар ангийн сурагчдыг цөөхөн хүүхэдтэй хэсгүүдэд хувааж давтлага өгөх талаар судалж байна. Теле хичээлүүдийг үргэлжлүүлнэ” гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр 12.00 цагт УОК хуралдаж, сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах юм.