Бүхэл намаржин дайн дажин болж байж Г.Занданшатар Ерөнхий сайдаар тэсэж үлдсэн. Юу ч болоод өнгөрөв, бүү мэд. Ямар ч байсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан суудлаасаа мулт үсэрч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа аягүйтвэл эргүүлэн татагдаж магадгүй болсон. Тэр УИХ-ын дэд дарга байв. Г.Занданшатар уул нь Ерөнхий сайд,дээрээс нь намын дарга болох санаатай энэ бүх дажинг эхлүүлсэн юм. Гэвч энэ бүх бужигнааны дараа ганц Ерөнхий сайд дээр торж үлдлээ. Гэхдээ энэ бол голох юм биш, тэрбээр бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд гэдэг бол асар том эрх мэдэлтэй, улсдаа дээрээсээ гурав дахь албан тушаал билээ. Түүнд улсыг эрхшээх бүх эрх мэдэл байна. Харин мөнгө алга. Мөнгийг бодлогоор бий болгодог. Тэгэхлээр бодлого байхгүй байна гэсэн үг. Мөнгө байхгүй байгаагийн баталгаа нь татвар хураалт чангарч, татвараа өгөөгүй аж ахуйн нэгжийн дансыг хааж байгаагаас илт харагдана. Бас төрийн сан нь хаалттай, ямар ч гүйлгээ хийхгүй байна гэж халагласан хүмүүсээр дүүрсэн нь үүнийг илтгэнэ. Чаддагаараа татвар л авч байна, өөр бодлогын чанартай юу ч хийхгүй өдий хүрлээ. Нүүрсээ үнэд оруулах, алтаа ухах, бүр цаашилбал газрын ховор элементээ ашиглах зэрэг эдийн засагт эерэг дохио болох юу ч хийхгүй нь амь тэмцмээр. Харин олон том үйлдвэрээ хувьчлах шийдвэр гаргасан нь ганц нааштай эерэг дохиог зах зээлд хүргэсэн хэлбэр юм уу даа. Гэхдээ ингэж ярих бол байдаг л зүйл. Сүүлийн 30 жил ингэж ярьж байгааг бид мэднэ. Яг хийгээд эхэлбэл хүмүүст итгэл төрнө. Үүндээ бодлого гаргаад УИХ-аар хэлэлцэгдээд эхэлбэл л юм хөдөлж эхэлнэ. Тэр цагт нь итгэхээс наана нь бол итгэхэд бэрхтэй.Чуулган шинэ онтой зэрэгцээд амарна. Тэгэхлээр он гартал үүнийг хийж амжих уу. Бараг л амжихгүй байх. Бензинд оочерлосон хэвээрээ, мөнгө хайж гүйсэн компанийн захирлуудтайгаа л шинэ он гаргах нь байна.
Ө.Тулга