Нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний улиралд 678.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 38.3 (6.0%) тэрбум төгрөгөөр, зарлага 649.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 75.0 (13.1%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.
Сангийн орлого өмнөх оны мөн үеэс 6 хувиар өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 47.2 (10.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 8.5 (10.5%) тэрбум төгрөгөөр, Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин /ҮОМШӨ/-ний даатгалын сан 5.1 (9.7%) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 850.0 (9.0%) сая төгрөгөөр буурсан байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 75.0 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 75.4 (17.0%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 8.2 (28.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Харин ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 10.6 (56.0%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Энэ оны 3 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 237.4 тэрбум, зарлага 220.8 тэрбум болж, өмнөх сараас орлого 6.3 (2.7%) тэрбум төгрөгөөр өсөж, харин зарлага 3.9 (1.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Ажилгүйдлийн даатгалын сангаас 2020 оны эхний улиралд 5.3 мянган хүнд 12.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 225 (4.5%) хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 3.9 (43.0%) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний улиралд 331.5 мянган хүнд 76.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 8.5 (2.6%) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 12.4 (19.4%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүний тоо нэмэгдэхэд “Нийгмийн халамжийн тэтгэмж” авсан хүний тоо 8.0 (11.1%) мянгаар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.Улаанбаатар /МОНЦАМЭ/