Монгол Улсад коронавирусын 13 тохиолдол шинээр илэрч, халдварын тохиолдол 30 боллоо

оруулсан Алсын Хараа

Энэ сарын 13-нд 502 хүнд хийсэн коронавирусний шинжилгээгээр халдварын 13 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тухайн 13 иргэн энэ сарын 11-нд ОХУ-аас ирсэн 19-23 насны оюутнууд аж. Тэдний нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан бөгөөд өнөөдөр ХӨСҮТ-д ирэх бол бусад нь Улаанбаатар хотод тусгаарлалтад байжээ. Дээрх иргэдийг нэг нэгээр нь тусгаарлаж, эмчилгээг эхлүүлээд байгааг ХӨСҮТ-ийн захирал тэмдэглэв.

Мөн өчигдөр “COVID-19” халдвартай нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс тусгаарлах байранд шилжсэн бол өмнө эдгэрсэн 4 иргэний 2 нь гэрийн дэглэмд шилжжээ.

Ийнхүү Монгол Улсад "COVID-19" халдварын зөөвөрлөгдөн ирсэн 30 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн эдгэрээд байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих