Ахмадуудын тэтгэврийг 2026 он гэхэд 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардав

оруулсан Алсын Хараа

Ахмадын дуу хоолой хөдөлгөөнөөс “Төр засагт хүргэх ахмад настнуудын үг” хэвлэлийн хурал хийж, тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардав.

Ахмадын дуу хоолой хөдөлгөөний төлөөлөл “Ахмадуудын тэтгэврийг нэмэхдээ хувьчилж бус, мөнгөн дүнгээр ижил хэмжээгээр нэмэхийг шаардаж байна. 2026 он гэхэд тэтгэврийн хэмжээг 1.5 саяд хүргэж, энэ асуудлаар ахмадуудын төлөөллийг оролцуулан албан ёсны гэрээ хэлэлцээр хийхийг шаардаж байна. 2027 онд тэтгэврийг дорвитой нэмнэ гэсэн яриа байгаа ч, ахмадуудын нас бие, эрүүл мэндийг харгалзан хугацааг нь наашлуулах хэрэгтэй.

Бидний шаардлага тодорхой байна:

  • Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх,
  • Тэтгэврийн зээлийг нэг удаа 36 сарын хугацаатайгаар олгох,
  • Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, 12 хувьд хүргэх, хүүгээс хүү боддог зальжин аргыг таслан зогсоох,
  • Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргах,
  • 694.9 тэрбум төгрөгийг тэгш хуваарилах.

Эдгээр шаардлагыг 72 цагийн дотор шийдэж өгөхийг шаардаж байна. Бид цөхөрч, ядарч, туйлдаж байна. Таван сар хүлээлээ, одоо болсон. Төр засаг хариуцлагаа ухамсарлах ёстой. Ахмадуудаа дэмжиж, амьдрахын төлөө тэмцэж байгаа биднийг сонсох хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл бичих