Өнөөдрийн байдлаар багш нар ажил хаяад нийт 16 хонож байна. Энэ хугацаанд Засгийн газар болон Монголын Боловсрол Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо ямар нэгэн шийдэлд хүрч чадсангүй. Харин нөгөө талд эрүүл мэндийн байгууллагын ажилчдын цалин хөлсийг нэмэхгүй бол эмч, эмнэлгийн ажилчид ч ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн улс орон даяар шатахууны хомсдол үүсч, иргэд олон цагаар колонкуудын гадаа оочерлож зогссон хэвээр байна. Үүнээс үүдэн хотын түгжрэл ч нэмэгдсэн.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд олон иргэн хотын ойролцоох аймаг, дүүргүүд рүү бензин хайж явсан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн байна.
Хэрэв тохирсон мөнгөн дүнг Хөдөлмөрийн яам бүртгэчихвэл багш нар ажил хаялтаа зогсооно
Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрах “Бид Ерөнхий сайд, Төсвийн байнгын хороо, Боловсролын яамтай уулзаж, ерөнхийдөө нэг мөнгөн дүн дээр тохирсон. Уг мөнгөн дүнгээ Хөдөлмөрийн яаманд бүртгүүлэхээр өгсөн байгаа. Хэрэв Хөдөлмөрийн яам бүртгэчихвэл ажил хаялт зохион байгуулж байгаа ажлын хэсгээс албан ёсоор мэдэгдэл хийж, ажил хаялтыг зогсооно. Харин хэзээ бүртгэж, бидэнд бичиг ирэх нь одоохондоо тодорхойгүй байна. Өнөөдөр бидэнд Хөдөлмөрийн яамнаас урьдчилсан байдлаар бичиг ирнэ гэж хэлсэн.
2024-2025 оны хамтын хэлэлцээрийн 3.1-т жил бүр багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ гэж заасан байгаа. Тэгэхээр 2026 онд хэдэн төгрөг болсон байх ёстой юм. Уг мөнгөн дүнгээр тохирсон гэсэн үг. Одоогийн байдлаар 676 байгууллага ажил хаялтад нэгдсэн. Өнөөдөр зургаа орчим байгууллага нэгдэнэ гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн 38 мянган багш, ажилчид ажил хаясан байна. Өчигдөр 41 сая төгрөгийг үйлдвэрчний эвлэл дансаараа авсан гэх мэдээлэл явж байсан. Энэ нь хамтын хэлэлцээрийн 2.2-т зааснаар 2024 оны гурав болон дөрвөн сард болсон үйл явдал юм. Боловсролын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор буюу хэрэгжилтийг хангах, танилцуулах сургалтыг БШУҮЭ, Боловсролын яам хамтран хэрэгжүүлсэн. 21 аймаг, есөн дүүргийн 10 мянга гаруй багш, ажилчдыг хамруулсан. Сургалт хоёр өдрийн хугацаанд явагдсан. Нэг дүүрэг, аймагт гэхэд 80-130 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа зохион байгуулаад, сургалтын хэрэглэгдэхүүн болон өдрийн хоол, томилолтоор явж байгаа хүмүүсийн зардал орсон мөнгөн дүн юм. 2024 оны үйл ажиллагааны тайландаа тусгагдаад, Аудитын газрын шалгалтаар ороод дуусчихсан асуудал, хэмээв.
Энэ тэмцэл гагцхүү эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авахыг шаардсан олон жилийн хүлээлт
Монголын Эрүүл Мэндийн Ажилтын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ч.Нарантуяа “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл эмч нарыг ажил хаясан хэмээн буруу ташаа мэдээлсэн байсан. Одоогоор бид ажил хаяагүй байгаа. Аравдугаар сарын 9-ний өдөр “Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө” гэх жагсаал цуглаан хийж, Сүхбаатарын талбайд нийт найман өдөр суулт хийсэн. Асуудал шийдэгдээгүй тул бид суултаа зогсоож “Ажил хаяна” гэдгээ албан ёсоор зарлаж, бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Төр засгаас эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулж, эмч, эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг шийдвэрлэхгүй бол “Ажил хаялт” хуулийн дагуу эхэлнэ. Энэхүү тэмцэл хөдөлгөөнд зөвхөн нийслэл хот биш, улсын хэмжээнд нийт эмч, эмнэлгийн ажилчид нэгдэж байгаа. Энэ тэмцэл нь гагцхүү эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрөө үнэн зөвөөр үнэлүүлж, хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авахыг шаардсан олон жилийн хүлээлт одоо тэсэрч байгаа юм. Одоогийн байдлаар 67 эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид ажил хаяхыг дэмжиж, эвлэлдэн нэгдсэн.
Нийслэл хот болон 21 аймагт шатахуун түгээлтийн нөхцөл байдал ийм л байна
Анх шатахууны хомсдол үүсэх үед салбарын сайд Г.Дамдинням “Иргэд өөрсдөө бензин нөөцлөөд байгаа учраас шатахуун түгээлт тасарч, зохиомол хомсдол үүссэн” гэх тайлбарыг хийж байсан. Гэтэл шатахууны хомсдол үргэлжилсээр л байлаа. Хамгийн сүүлийн байдлаар буюу аравдугаар сарын 29-ний өдөр салбарын сайд Г.Дамдинням “14:00 цаг гэхэд шатахуун түгээлт хэвийн үргэлжилж, хязгаарлалтгүй болно” гэх мэдэгдэл хийсэн байна. Тэгвэл өчигдрийн байдлаар нийслэл хот болон 21 аймгийн хэмжээнд шатахуун түгээлтийн нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.
Улаанбаатар хот “Шунхлай” ШТС: Хотын төвийн бүх салбарын шатахуун дууссан. Хотын зах буюу Тасганы-Овоо гэх мэт хэдхэн салбар бага зэргийн шатахуунтай байна.
Улаанбаатар хот “Петровис” ШТС: Уржигдраас шатахуун түгээлт хэвийн явагдаж эхэлсэн. Одоогоор Улаанбаатар хотод тасалдсан салбар байхгүй.
Улаанбаатар хот “Сод Монгол” ШТС: Одоогийн байдлаар хотын төвийн ихэнх салбарт шатахуун түгээлт тасарсан. Хотын захын салбарууд ч тасарсан байгаа.
Архангай аймаг “Шунхлай” ШТС: Өглөө хэдхэн машинд шатахуун өгөөд дууссан. Нөөц ирэхийг л хүлээж байна. Ер нь манай аймагт шатахуун түгээлт доголдолтой байгаа. Өнөөдөр хэвийн юм шиг хэрнээ маргааш тасарчихдаг.
Баян-Өлгий аймаг “Шунхлай” ШТС: Ер нь манай аймагт хамгийн их шатахуун тасардаг. Одоо бүх колонк доголдолтой ажиллаж байна.
Баянхонгор аймаг “Сод Монгол” ШТС: Шатахуун тасарсан. Орой нөөц ирнэ гэсэн.
Булган аймаг “Петровис” ШТС: Шатахуун түгээлт хэвийн явагдаж байна.
Говь-Алтай аймаг “Петровис” ШТС: Одоогоор шатахуун түгээлт арай тасраагүй байгаа ч тасрах магадлал өндөр байна.
Говьсүмбэр аймаг “Сод Монгол” ШТС: Сайнгүй л байна даа. Алаг цорг л өгч байна.
Дархан-Уул “Сод Монгол” ШТС: Өнгөрсөн баасан гарагт шатахуун тасарсан. Өнөөдрөөс л хэвийн болж байна
Дорнод аймаг “Шунхлай” ШТС: Манай аймагт шатахуун тасарсан байна. Орой гэхэд хэвийн болох байх.
Дундговь аймаг “Шунхлай” ШТС: Алаг цорг л өгч байна.
Завхан аймаг “Петровис” ШТС: Уржигдраас л шатахуун түгээлт хэвийн болж эхэлсэн.
Өвөрхангай аймаг “Петровис” ШТС: Шатахуун түгээлт хэвийн явагдаж байна.
Өмнөговь аймаг “Петровис” ШТС: Саяхан л шатахуун дууслаа. Уг нь орой нийлүүлэлт ирнэ гэсэн.
Сэлэнгэ аймаг “Шунхлай” ШТС: Одоохондоо хэвийн явагдаж л байна.
Төв аймаг “Шунхлай” ШТС: Хэвийн явагдаж байна.
Увс аймаг “Шунхлай” ШТС: Безин тасарсан. Иргэд их л бухимдалтай байна.
Ховд аймаг “Сод Монгол” ШТС: Алаг цоог л өгч байна. Бараг орой гэхэд шатахуун түгээлт тасрах шинжтэй байна.
Хөвсгөл аймаг “Петровис” ШТС: Алаг цог л өгч байна. Манайхаас бусад колонкуудад шатахуун тасарсан юм шиг байсан.
Хэнтий аймаг “Петровис” ШТС: Хэвийн явагдаж байна.
"Өдрийн сонин"
2025.11.03