-Гурван үсэгт компани Л.Оюун-Эрдэнийг огцруулсан тактикаа Д.Амарбаясгалан дээр хэрэгжүүлэх даалгаврыг “шарк” Д.Энхтүвшин, “Ноорог”-ийн Улмаа нарт “өгчээ”-
УИХ-ын гишүүн шарк Д.Энхтүвшин УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлжээ гэх мэдээлэл уржигдар сошиалаар хөврөв. Хамгийн түрүүнд зурсан хүн нь Ж.Чинбүрэн гишүүн гэж хэвлэлүүд мэдээллэж байна. Энэ улстөртэй зэрэгцсэн бас нэг шуугиан олны анхаарлыг татав. Өмнөх Ерөнхий сайдыг унагасан “Нотол”, “Огцор” жагсаалын О.Уламсайхан УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулахыг шаардаж төв талбайд жагсана гэх зар сошиал орчинд түгж эхэллээ. “Ноорог”-ийн Улмаагийн дахин амилах өдөр нь энэ долоо хоногийн баасан гараг. “MCS”-ийн бэлдсэн улстөрчдийн нэг гэгддэг Д.Энхтүвшин гишүүн чухам юуны учир УИХ-ын даргыг огцруулах бичиг барьж ордноор гүйх болов?
Л.Оюун-Эрдэнийг унагах их мөнгө, өндөр зохион байгуулалттай жагсаалын гол дүр Улмаагийн нэр ахиад сонсогдож эхэлсний цаана ямар учир байна вэ? Эдгээр асуултын хариулт өчигдөр өдөр тодорхой болов. УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрыг огцруулах бичгийг мягмар гарагт өргөн барина гэж мэдэгдээтхэв. Шуудхан хэлэхэд түүх давтагдаж байна. Бүр тодруулж хэлбэл “Ухаахудагийн тодорхой хувийг ард түмэнд хүртээнэ” гэж мэдэгдсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг яаран сандран огцруулсан тэр өдрүүд яг давтагдах гэж байна. Л.Оюун-Эрдэнийг урд хөршид хил хоорондын төмөр замын гэрээ үзэглэх өдөр төрийн ордонд “MCS”-ийн УИХ-д шургалуулсан гэгддэг шарк Д.Энхтүвшин, “Баян Бажаа” Жудагийн Баярмаа нар Засгийн газрын өргөн барьсан төсвийг “бойкотлож” байв. Хоёр улсын Засгийн газар хооронд өрнөсөн хил хоорондын төмөр замын том хэлцэлд “MCS”-ийг оруулаагүйд бухимдсан Ж.Оджаргал өөрийн гараар тусгайлан бэлдсэн шарк Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нарыг Л.Оюун-Эрдэнийн эсрэг турхирсан нь энэ. Ухаахудагийг ганцаараа ашиглаж явсан алтан өдрүүд нь дуусах эрсдэлтэй нүүр тулчихсан учраас тэр тэжээсэн улстөрчдийнхөө хүчийг жинхэнэ утгаар нь ашиглаж байлаа, тэр өдрүүдэд. Удсан ч үгүй Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хориг, Ноорог Улмаагийн “Нотол”, “Огцор” гэх мэт жагсаал хөвөрч, УИХ өмнөх засгийн тэргүүнийг суудлаас нь буулгаж байв.
Тэр өдрүүд Монголын улс төрийн түүхэнд “Ордоны эргэлт” гэсэн тод тамгатай үлдчихсэн. Л.Оюун-Эрдэнийг огцруулсан ордоны эргэлт яг одоо ахиад давтагдах гэж байна. Ж.Оджаргалын “тэжээсэн” улстөрчид тухайн үед Засгийн газрыг огцруулж байсан бол өнөөдөр тэд парламентын засаглалтай ардчилсан Монголын УИХ-ын даргыг суудлаас нь унагах үүргийг эзнээсээ авчихаж. Бүр тодруулж хэлбэл “MCS”-ийн босс Монгол төрийг жинхэнэ утгаар нь самрах үүргийг “тэжээвэр”-үүддээ өгчихлөө. Тэрээр Наран туул дээр мантуун бууз зарж байхад нь хажуудаа авчирч бойжуулсан шарк Д.Энхтүвшиндээ “УИХ-ын даргыг огцруул” гэсэн даалгавар өгсөн нь үүний тод нотолгоо болж байна. Өнөөдөр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах бичгийг нэр бүхий гишүүд өргөн барина. Тэгэхээр пүрэв гарагт гурван үсэгтт компанийн улайран байж босгосон Г.Занданшатарын Засгийн газар унах магадлал тун өндөр болчихлоо. Засгийн газар уначихвал хамгаа дэнчинд тавьсан Ж.Оджаргал зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. Ийм үед ямар жүжиг дэглэж тавихаа ч тэр аль хэдийнэ тооцоолчихсон байсан юм.
Учир мэдэх хүмүүс “Удахгүй Улмаа ахин амилна” гэж таамаглаж байсан нь өчигдөр, уржигдраас ил болчихлоо. Бүр тодруулж хэлбэл “10 дугаар сарын 10-нд Улмаа ахин “амилах” гэж байна. Г.Занданшатарын засаг огцорсны маргааш буюу ирэх баасан гарагт Ж.Оджаргал “MCS-ийн жагсаал” гэж монгол төрийн түүхэнд хараар бичигдэн үлдэх “Огцор” жагсаалынхаа хоёрдугаар сезоныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу чиглүүлэхээр аль хэзээний бэлдчихэж. Ахиад онцолъё. Жагсаалын гол хүн нь мэдээж “Ноорог”-ийн гэх Улмаа. Түүнийг “MCS”-ийн улстөрд бэлдэж буй залуу үеийн тод төлөөлөл гэдгийг хэрсүү монголчууд аль хэдийнэ олоод харчихсан. Харин УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулчихсан төрийн ордноор сандран гүйж яваа Шарк Д.Энхтүвшин бол гурван үсэгт компанийн боссын ордон дахь “тэжээвэр”-үүдийнх нь тэргүүлэгч. Тэр УИХ-д орж ирсэн цагаасаа хойш Монгол төрийн төлөө биш нэг компанийн эрх ашгийн төлөө дуугарч, тэмцэж, “MCS”-ийг цээжээрээ хамгаалсаар ирсэн нь булзах аргагүй ил үнэн. “Ухаа худагийг ганцхан “MCS” л ашиглах ёстой, жирийн иргэд энэ ордоос хувь хүртэх ёсгүй” гэж хамгийн чанга, хамгийн тод дуугардгаас нь түүний хэн бэ гэдгийг төвөггүй харчихаж болно.
Г.Төрбаатар