Хэн нэгнийг хэрэгт унагахад хэтэрхий амархан байсан хэлмэгдлийн үеийн түүх, таалагдсанаас нь өөрөөр дуугарсан болгоныг “дайсан” болгож дарж авдаг КГБ-ын аймшигтай арга Монголд, бидний нүдэн дээр өрнөж байна. “Эзэн нь байхад хэрэг нь олдож л таараа” гэж хэнийг ч хамаагүй хэрэгт гүтгэж хэдэн мянга, зуун хүний хувь тавилан, амь насыг нь ч золиосолж байсан аймшигт үеийн үргэлжлэл өнөөдөр эхэлчихсэн ид дундаа явна. Эхлээд сошиалд эсэн бусаар гүтгэнэ. Дараа нь АТГ хэмээх гурван үсэгт байгууллагаар “шалгуулна”. Энэ бүхний эцэст “шонд өлгөдөг” хэлмэгдүүлэлтийн тактик хэрэгжсээр хэчнээн ч жил болчихов.
Хэлмэгдүүлэлтийн энэ танил тактик яг одоо Э.Болормаа гишүүн дээр хэрэгжиж байна. “Ах нар”-ын “дургүй”-г хүргэсэн “хөдөө”-ний жаал бүсгүй сошиал шонд өлгөгдөөд эхэлчихлээ. Сүүлд гэхэд л Халзан бүрэгтэйн ордын талаарх сонсголд УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хэлсэн үгийг тасдаж, эвлүүлж, нэмж чимэн сошиал хэмээгч “цаазын тавцан”-д шидэж өгч байх жишээний. Ердөө л сонгогдсон тойргийн иргэдийнхээ төлөө сонсголд оролцож, нутаг нугаа хамгаалж үг хэлснийх нь төлөө сошиал буллид өртүүлж, санаанд багтамгүй шуугиан дэгдээчихэж байна. Эндээс харахад Э.Болормаа гишүүнийг хэлмэгдүүлэх тактикийн эхний шат яалт ч үгүй эхэлчихэж.
Одоо хэн, хаанаас, яагаад гэсэн асуултад хариу хайя. Э.Болормаа хамгийн халуун гэгдэж байсан 10 мандаттай босоо аваргуудтай Говь-Алтай, Завхан, Ховд, Увсын тойрогт хүч үзсэн. Арван хүн УИХ-д гарахаас аравт нь багтсан бүсгүй. Хамгийн халуун өрсөлдөөнтэй, хатуу “боорцог”-уудтай гэгдэж байсан тэр тойрогт ар талдаа аварга том бизнесийн бүлэглэл, ах дүүсийн улс төрийн замнал үгүй бээлийн чинээ бүсгүй нэр дэвшихэд л олон хүний хөх инээд хүрч, хуруу хумс нь хөдөлж эхэлсэн байдаг юм. Бүр намынх нь ах нар түүний эсрэг пиар ажиллагаа явуулж байв. Мэдээж ах нарын арга нарийн, зуулт чанга. Бас уйгагүй хорлонтой. Намынх нь ах нар Э.Болормааг гишүүн болохоос өмнө ч эндүү хэлсэн үг, хазгай гишгэсэн алхам бүрийг нь анаж, отсоор ирснийг хэвлэлийн шарласан хуудаснаас харчихаж болно.
Одоо тэд Э.Болормаа гишүүнийг “Сонгуулийнхаа сурталчилгааны үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан” гэх ялд унагахаар улайрч байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр хэн хэдэн төгрөг хандивласныг нэр дэвшиж өрсөлдөж буй хүн мэдэх боломжгүй. Тэр дундаа томсгосон тойргоор явагдсан өнгөрсөн сонгуулийн завгүй өдрүүдэд хандивлагчдын дансыг шүүгээд суух зав нэр дэвшигчдэд байгаагүй. Э.Болормаагийн өрсөлдсөн аймгуудын сумдын тоог нэмбэл 78 гэсэн тоо гарч байна. Сонгуулийн сурталчилгааны хэдхэн хоногт 78 сумаа гүйцээх гэж давчуу, сандруу явсан эмэгтэйд хандивлагч бүрийг судлаад суух зав байгаагүй нь хэтэрхий тодорхой асуудал. Төрийн тендерүүдийг хэдэн арван тэрбумаар нь хамдаг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэхэд л саяхан “MSC надад зөндөө мөнгө хандивласныг сая мэдлээ, баярлалаа гэдгээ одоо л хэлье дээ” гэж тоомжиргүй намжирдсаныг тод санаж байна.
Өдгөө Э.Болормаа гишүүнийг буруутгаж буй “Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан” гэх кейсийн авторууд хэн гэдэг нь тодорхой. Шуудхан хэлэхэд, сонгуульд өрсөлдөөд ялж чадаагүй намынх нь ах нар. Улс төрийн тавцанд гэнэтхэн тодорч гарч ирээд, Ховдод аж төрж байгаад сонгуульд өрсөлдсөн бүсгүйд ах нарынх нь бэлдсэн бэлэг байсныг ухаж ядах юм алга.
Маш өндөр хэмжээнд эртнээс бэлдэж сэвсэн энэ “хорлонтой булли”-гийн эсрэг Э.Болормаа ганцхан үг хэлсэн байна лээ. “Надад нэг л үнэн бий, би хууль зөрчөөгүйгээ л мэдэж байна. Харин намайг юунд хутгалдуулах гээд байгааг би мэдэхгүй” гэсэн үг. Шуудхан хэлэхэд, түүний эсрэг энэ “булли”-ний авторуудыг өнгөрсөн парламентад гишүүн байсан том мөнгө, том ар талтай Ц, Х нарыг гэх юм билээ. Тэд намынхаа нөлөө бүхий эрхмүүдийн үүдийг сахиж, гишүүн болох санаархлынхаа төлөө ийн улайрч яваа гэсэн жиг жуг Төрийн ордоны тамхины цэгээс сонсогдож байна. Шуудхан хэлэхэд сонгуульд завгүй өрсөлдөөд явж байхад нь Э.Болормаагийн данс руу гадаадын хөрөнгө оруулагчтай компанийн данснаас 30 сая төгрөг зориуд шилжүүлсэн хүмүүс нь эд юм биш үү. Улс төр мэдэхгүй хэн ч тэднийг “Э.Болормаагийн данс руу зориуд мөнгө хийчихээд хэлмэгдүүлэлтийн тактик хэрэгжүүлж байна” гэж хардахаар байна. Хардах ч биш юм аа, тэгж хараад байна.
Төрөөс тэрбум тэрбумаар нь идэж яваа улстөрч “ах нар”-ынхаа хажууд тэр бээлийн чинээхэн бүсгүй. Хамгийн залуу, ар талгүй эмэгтэй гишүүнийг барьж авч шонд өлгөж, гишүүнээс нь эргүүлэн татах технологийг амжилттай хэрэгжүүлэх нь тэдний хувьд алга урвуулахын төдий ажил биз. Гэхдээ ийм “үнэн”-тэй эвлэрмээргүй байгаа юм, нийгмээрээ. Тэдний 30 жил босгож тогтоосон, увайгүйчүүдийн пирамидан овоо, танил сценари, аалзны торыг яг одоо л таслахгүй бол ардчиллын баян бүрд гэгддэг Азийн Монгол дарангуйлалтай улс болоход тун ойртчихлоо.
Намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай зэрэгцэн алхсан агшныг нь хүртэл кино, клип цаашаа цацаж, сэвж байгааг нь анзаарахад “ах нар-ын хэлмэгдүүлэлтийн тактик эрчтэй өрнөх нь тодорхой байна. Төрийн өндөрлөгүүдийн үүдээр байнга эргэлдэж, хууль хяналтын байгууллагын дарга нартай хуйвалдаж яваа “ах нар”-ын цаад санаа тун ойлгомжтой. Эхнийх нь мэдээж гишүүн болох. Хоёр дахь нь МАНАН-жсан улстөрийг шүүмжилж байгаа листээр орж ирсэн залуу гишүүдийн амыг хамхих. МАН-ын жагсаалтаар сюрприз болж гарч ирсэн залуу гишүүд нэгдэж хуучцуулаас тэс өөр юм ярьж, тэс өөр хаалгыг татаж эхэлсэн нь ах нарт таалагдахгүй байгаа нь булзах аргагүй бодит үнэн. Ийм зорилгоор ямар ч ар талгүй, залуухан эмэгтэйд эр бяраа гаргаж буй “ах нар”-ын тэчъяадал үнэхээр муухай харагдаж байна. Хатуухан хэлэхэд та нарын зохион байгуулж буй хэлмэгдүүлэх тактикийн чинь сценари танигдаад байна, одоо наад шуналаа орхичих.
Дахиад хэлэхэд мандатын 10 дугаарт бичигдсэн бүсгүй гишүүнийг эргүүлэн татахад араас нь УИХ-д орж ирэх нэгэн л энэ тактикийг хэрэгжүүлж буйг улстөр гадарлахгүй энгийн иргэн ч олоод харчихна. Орчин цагийн энэ хэлмэгдүүлэлтийн хамгийн том айдас нь юу гээч. МАНАН-жсан улстөрчдийн 30 гаруй жилийн турш босгосон авлигын пирамидыг нураах санаа, зорилгоороо нэгдсэн залуу гишүүдийг зоригийг мохоох. Нэгийг нь барьж аваад шонд дүүжилчихээр нөгөөдүүл нь дуугүй болно гэсэн санаа Э.Болормааг хэлмэгдүүлэх тактикаас харагдаад байна.
Энэ зовлон манай салбарыг тойроогүй, дайрсныг бас онцолъё. Зариг.мн сайтын эрхлэгч Өнөрцэцэгийг барьж хориод сэтгүүлчдийг айдас хүйдэст автуулчихсан нь гашуун ч гэлээ бодит үнэн. Хэвлэл мэдээллийг гартаа барьж байхын тулд нэг сэтгүүлч бүсгүйг татварын хэргээр шоронд хорьж, шонд хүлсэн шиг явдал тэгвэл яг одоо УИХ-д өрнөөд эхэлчихлээ. Э.Болормааг гишүүнээс эргүүлээд татчихвал улстөрчид авлигаа, тендерээ халааслаад л үлдэнэ. Тэгэхээр яг одоо залуу гишүүд нэгдэж дуугармаар байна. “Тэд эхлээд Еврейчүүдийг баривчлахаар ирэв. Би Еврей биш учир дуугарсангүй. Тэд дараа нь Коммунистуудыг барихаар ирэв. Би Коммунист биш учир юм хэлсэнгүй. Тэд удалгүй үйлдвэрчний эвлэлийнхний хойноос ирэв. Би үйлдвэрчинтэй холбоогүй учир чимээгүй л байв. Эцэст нь тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй. Нэгэн өдөр тэд намайг барихаар ирлээ. Харин тэр үед миний төлөө дуугарах хүн эргэн тойронд минь үлдээгүй байлаа” гэсэн Мартин Ниемюллерийн үгийг санаад орчин цагийн хэлмэгдүүлэлтийн эсрэг дуугарцгаамаар байна, залуу гишүүд ээ.
Хэн нэгнийг илүү байсных нь төлөө, илүү сайхныг бий болгохыг хүссэнийх нь төлөө шонд өлгөж, шоронд хийдэг нийгэмд амьдрахыг хүсэхгүй байгаа олон нийтийн найдварыг тээж, ах нарын айдсыг хүргэж байгаа “жагсаалтын залуус”-аа одоо л та бүхний үг хэрэгтэй байна. Ах нар шигээ арай ч амаа үдүүлчихээгүй байх гэж олон нийт та нарт найдаж байна.
Эцэст нь МАН-ын “том ах” нарт дайх нэг үг байна. Бээлийн чинээ бүсгүйг хөшигний араас хутгалж, таашаал авах бус ил гарч ирээд өрсөлд. Та нарын 30 жилийн туршид босгосон энэ мэт хулгайн тэмцэл, хуудуутай явуургүй аргууд хол явахгүй цаг нэгэнт ирчихсэн. Монголчууд хэрсүүжсэн. Ирэх сонгуулиар ялагдлаа бүрмөсөн хүлээн зөвшөөрөх гээгүй л бол наад хэлмэгдүүлэлтээ зогсоо, монголчууд та бүхний энэ увайгүй ажиллагааг алган дээрээ тавьсан мэт тов тод харж байна.
Э.Батбилэг