Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авсны улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өдгөө 55 настай Борис Жонсон коронавирусийн халдвараас бүрэн эдгэрч өчигдөр Лондон хотын Гэгээн Томасын нэрэмжит эмнэлгээс гарсан талаар өөрийн твиттер хуудсаар жиргэлээ.
"Долоо хоногийн турш эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсний үр дүнд мөн эмч нарын үзүүлсэн эмчилгээний үр дүнд өнөөдөр би коронавирусийн халдвараас ангижирч чадлаа. Эрчимт эмчилгээний тасагт очсон анхны 48 цаг маш эгзэгтэй байсан" гэж хэлжээ. Түүнчлэн тэрбээр Гэгээн Томасын нэрэмжит эмнэлгийн бүх ажилтанд талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Ерөнхий сайдын ажлын албаны мэдээлснээр Борис Жонсон ажилдаа орох хараахан болоогүй бөгөөд ойрын 10 хоног эмч нарын хяналтад байх аж.
Их Британийн Ерөнхий сайдын үүргийг тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб түр орлон гүйцэтгэж байна.