Сүүлийн 24 цагт АНУ-д шинэ коронавирусний халдвар 7, Испанид 4, Италид 3, Францад 5 дахин нэмэгдсэн байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, шинэ төрлийн коронавирусний халдварын эсрэг гурван вакциныг хүний биед турших ажил хийж байна. Мөн 67 нэрийн вакцин эмнэлзүйн туршилтын өмнөх шатандаа байна гэдгийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотголоо.
Тэрбээр, “Эмнэл зүйн туршилтыг хамгийн анх гуравдугаар сарын 16-нд АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн болон "Moderna" компанийн хамтран гаргаж авсан вакцин дээр эхлүүлсэн. Мөн БНХАУ-ын Бээжингийн Биотехнологийн хүрээлэнгээс гаргаж авсан вакциныг гуравдугаар сараас эмнэлзүйн туршилтад оруулсан” гэв.
Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Дэлхийн хэмжээнд 1.8 сая хүн халдварласнаас 1.3 сая хүн эмчилгээ хийлгэж байгаа бол халдварын улмаас 114 мянга хүн нас баржээ.
Япон улсад халдвар эрчимтэй тархаж байна. Тус улсад 24 цагийн дотор “COVID-19” халдвар авсан хүний тоо 500-аар нэмэгдсэн бөгөөд ихэнх нь эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүс байна. Япон улсын нийслэл Токио хотод өчигдөр 166 хүн шинээр халдвар авч нийслэлд бүртгэгдсэн халдварын тоо 2 000 давжээ. Харин улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 7400 болж, 150 хүн нас барсан байна. Япон улсын Засгийн газраас гар утасны байршлаар хүмүүсийн бөөгнөрөл хөдөлгөөнийг хянаж байна.
ОХУ-д өчигдөр 2 186 шинэ тохиолдол бүртгэгдэж, 24 хүн нас баржээ. Улан-Үдэд 77 хүн халдварласнаас 13 нь хүүхэд байна.
АНУ-д сүүлийн 24 цагийн дотор 31 606 хүн халдвар авч, 1 920 хүн нас баржээ. Нийт халдвар авсан хүний тоо 500 мянга давж, 21 мянган хүн нас барсан байна.
Францад нас баралтын түвшин 13 хувь буюу хамгийн өндөр байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Францад 315, Италид 431 нас баралт тус тус бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад буурчээ.Улаанбаатар /МОНЦАМЭ/