Банкны салбарын үзүүлэлт өсөж, нийт актив 15 хувиар нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

Манай улсын банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 хувиар нэмэгджээ.

Банкнаас олгож буй зээлүүд эдийн засгийн салбарыг сэргэхэд чухал нөлөөтэй хэвээр байгааг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм судалгааг танилцуулах үеэрээ тэмдэглэв.

Түүнчлэн, бизнесүүдэд шинээр олгосон зээл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 хувиар нэмэгджээ. Үүнийг дагаад бизнесийн зээлийн чанаргүйдэл багассанаас гадна иргэд, аж ахуйн нэгжүүд хадгаламжаа хугацаатай хадгаламж руу шилжүүлж эхэлжээ. Хэдийгээр төгрөгийн ханш суларсан ч иргэдийн төгрөгт итгэх итгэл их байгаа нь төгрөгийн хадгаламж 15 хувиар нэмэгдэхэд нөлөөлжээ.

Манай улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 5.6 хувьтай гарсан. Хөдөө аж ахуйн салбар сэргэж, эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг бүрдүүлж байна. Харин уул уурхайн салбар хүлээлтээс доогуур байсан нь тус салбарыг дагасан худалдаа, тээврийн салбарт сөргөөр нөлөөлж эдийн засгийн өсөлтийг хойш татжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас үүдэн экспортын хэмжээ багассан нь төгрөгийн ханшид дарамт үзүүлж байна.

Сэтгэгдэл бичих