2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн.
Тухайн өдрийн хуралдааныг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалж, эрдэмтдийн зөвлөлийн 9 гишүүн, нарийн бичгийн дарга, төсөл танилцуулагч нар оролцож байжээ. 3 дахь удаагийн энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдол үүсгэх нөлөөг олон удаагийн шинжилгээ, туршилтаараа нотолж авч үзээд, ирэх өвөл анхдагч нүүрсний өөр эх үүсвэр буюу хагас коксон түлшийг түлж, хэрэглээнд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн байна.
Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн “Дугаар 6” шийдвэрээр “Туршилтаар хийсэн шахмал түлшин дэх нүүрстөрөгчийн дутуу исэл буюу “CO”-ийн хүлцэх хэмжээ лабораторийн шинжилгээгээр 1.4 дахин их гарч, “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага” MNS 5216:2016 стандартын шаардлагыг хангахгүй байгааг анхаарч технологийг горимыг хянах, сайжруулах, цаашид хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх, шахмал түлшний түүхий эдийг өөр эх үүсвэрээр солих ажлыг үргэлжлүүлэх”-ийг Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрийг дэмжжээ. Эдгээр тогтоол болон Эрдэмтдийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэнэ.
Хагас коксон түлш гэж юу вэ?

Хятадын олон хотод агаарын бохирдлын түвшин ДЭМБ-аас тогтоосон зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрч, жилд 2-3 удаа гамшгийн шар дохиогоо асаадаг байв. Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулахын тулд Хятадын засгийн газраас өнгөрсөн жилүүдэд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг нь хагас коксон түлш юм.
Тодруулбал, 2017 онд БНХАУ хагас коксон түлшийг нэвтрүүлж, агаарын бохирдлоо илт бууруулж чадсан. Уг хагас кокс нь өндөр дэгдэмхий хортой түүхий нүүрсийг угааж баяжуулан, 550-700 хэмд хуурай пироликын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүн юм. Энэхүү түлшний техникийн үзүүлэлтээр агаарын бохирдол 60 хувиар буурахаар тооцоолсон байдаг байна.
Хагас коксон түлш гэж юу вэ ?
Хагас коксон түлш (semi-coke) гэдэг нь нүүрсийг халааж боловсруулснаар гаргаж авдаг, өндөр илчлэгтэй, хортой хий бага ялгаруулдаг түлш юм. Энэ нь уламжлалт түүхий нүүрснээс бага утаа, илүү цэвэр шаталттай байдаг байна.
Хагас коксон түлш нь байгаль орчинд хор хөнөөл багатай, илүү дулаан ялгаруулдаг. Уг түлшийг хэрэглэхдээ угаар мэдрэгч ашиглахгүй байж болдог аж.
Тодруулбал, хагас коксон нүүрсний илчлэг өндөр тул адил хэмжээний түлштэй харьцуулахад бага түлшээр, илүү дулаан ялгаруулдаг байна. Өөрөөр хэлбэл, 1 тонн түүхий нүүрс 0.7 тонн хагас коксон нүүрстэй тэнцдэг аж. Илүү дулаан гаргадаг тул өдөрт бага түлш хэрэглэж, түлшний зардлыг хэмнэх боломжтой юм.