Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ажлыг эхлүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК, “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК барилгын ажил гүйцэтгэх гэрээний төслийг эцэслэн тохирч гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурахад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төмөрзам, далайн тээвэр бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржав, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжуан, тус ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны албаны зөвлөх Лю Жинжи, Эдийн засаг, худалдааны албаны нарийн бичгийн дарга Цао Юэ, “Хятадын төмөр замын барилгын гүүр инженеринг групп” ХХК-ийн дэд ерөнхий менежер Ли Гуочян, “Хятадын төмөр замын барилгын гүүр инженеринг групп интэрнэйшнл” ХХК-ийн ерөнхий менежер Шие Шяочэ оролцов.
Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн, нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийг 24 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж, энэ сарын 15-ны өдөр албан ёсоор Монгол, Хятад талаас хоёр талын гүүрний эхний шон суурийг өрөмдөж, барилгын ажлыг эхлүүлнэ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавх, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно. Төслийг хэрэгжүүлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж, үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэхэд хувь нэмэр оруулах юм. Мөн тээврийн зардал 2-2.5 дахин багасаж, экспортын гарц 30 сая тонноор, тээврийн орлого 300 сая ам.доллароор нэмэгдэх тооцоо гарчээ. Үүнээс гадна байнгын 200, түр 800 ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөшүүрэг болох юм.