(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.11-НИЙ 11:00 ЦАГ
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.11-НИЙ 11:00 ЦАГ
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, April 10, 2020
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар 2020 оны 04 дүгээр сарын 11-ны бямба гарагийн 11.00 цагт ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Дэлхийн хэмжээнд 24 цагийн дотор дэлхийн 213 улс оронд халдвар бүртгэгдсэнээс Йемен улсад шинээр халдварын тохиолдол илэрсэн. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд нийт 1.6 сая иргэн өвчилж 102 мянга 696 хүн нас барсан. Нас баралтын тоо улам нэмэгдэх хандлагатай байна. 376 мянга 254 хүн эдгэрч, 1.2 сая хүн эмчлүүлж байна. Өвчлөлийн голомт Европын орнуудад нэмэгдсээр байна. Азийн орнуудаас Япон улсад 589 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 189 тохиолдол нь Токио хотоос бүртгэгдсэн нь том хотуудад улирлын томуугийн дэгдэлттэй COVID-19 халдвар хавсарч байгаа нь өвчлөл нэмэгдэх шалтгаан болж байна. Манай улсын хувьд улирлын томуу өндөр байх үед бид халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан нь үр дүнтэй байсан.
БНСУ-д 30 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Залуучуудын дунд халдвар нэмэгдэж байгаа. ОХУ-д 1786 хүн шинээр бүртгэгдсэн. Тус улсад нийт халдвар авсан иргэдийн тоо нь 11 мянгад хүрсэн. Өчигдрийн байдлаар 97 хүн эдгэрч, нийт 798 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан, 94 хүн нас барсан. Улаан-Үд хотод 60 хүн өвчилж 12 хүн эдгэрч, нэг хүн нас барсан. Эрхүү хотод 21 тохиолдолд бүртгэгдсэнээс хоёр хүн нас барсан. Өчигдөр Тувад шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Баасан гариг гэхэд ОХУ-д 1786 хүн шинээр бүртгэгдсэн байна. Тиймээс ОХУ-д хөл хорионы дэглэмийг чангатгаж, гадагшаа гарах үедээ зөвхөн ажлын газрын үнэмлэхээ үзүүлж гарч байгаа.
БНХАУ-д 42 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь дандаа гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байна гэж үзсэн байна. Цаашид улс орнуудад халдварын 2-3 дахь давалгаа гаднаас зөөвөрлөгдөж орж ирэх магадлал өндөр байна гэдгийг эрдэмтэн, судлаачид анхааруулсан. Манай улсад зөөвөрлөгдсөн 16 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс дөрөв нь эдгэрч, 12 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдолд бүртгэгдээгүй, 1425 хүн ажиглалтад байна.
Маск зүү гэж бид байнга хэлээд байгаагийн учир нь коронавирусийн халдвар шүлсээр халдварладаг. Шүлс хоёр метрийн зайд үсэрдэг учир өөрийгөө болон бусдыгаа хамгаалах үүднээс хүн бүр маск зүүх нь чухал. Маскаа зүүх, гараа тогтол угаах, олон нийтийн газраар явахгүй байх гэсэн гурван цогц арга хэмжээг хослуулах нь үр дүнтэй. Халдвараас хамгаалж чадах эсэх нь иргэн танаас хамаарна. Төр засгийн зүгээс авах ёстой арга хэмжээ бүгдийг нь авсан. Дэлхийд өвчилсөн хүмүүсээс харахад нийт өвчлөлийн 40 хувь нь хөнгөн, мөн 40 хувь нь дунд зэрэг, 15 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүнд хэлбэрээр өвчилж байна. Нийгэмд гарч буй худал ташаа мэдээлэлд ЭМЯ цаг бүрт нь тайлбар хийж байгаа. Өчигдөр л гэхэд 3.7 тэрбум төгрөгөөр үүрэн телефонууд мессэйж иргэд рүү явуулж байна гэсэн ташаа мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Харилцаа холбооны газар болон үүрэн телефонууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЭМЯ-наас өгч буй зөвлөмжүүдийг үнэгүйгээр иргэдийн утас руу явуулж байгаа.
-Гадаад улсад халдвар авсан иргэдийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Монгол Улсын долоон иргэн гадаад улсад халдвар авсан. ОХУ-д улсад хоёр, Ирландад нэг, Швейцарьт хоёр хүн халдвар авсан. Бүгд гэрээр эмчлүүлж байгаа.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү:
2020 оны дөрөвдүгээр сарын 10 -нд буюу өчигдөр Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдолд бүртгэгдээгүй. Нийт 371 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу коронавирсийн халдвар илрээгүй. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдолтой хамт хилээр орж ирсэн 265 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Үүн дотор Дарханд очсон 34, Орхонд 48 хүн байсан. Тандалтын 23 шинжилгээ хийсэн. Энэ бүгдэд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй зургаан хүнээс давтан шинжилгээ авахад коронавирсийн халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 203 хүн тусгаарлагдан, хяналтад байна.
Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой, сайн байна. Өвчнүүдийнхээ эмчилгээний үр дүнг бид өндөр зэрэглэлийн томографикаар хянаж, цус, шээс зэрэг бусад шинжилгээнүүдийг давтан авч, хянаж байна. Хамгийн гол нь иргэд маань анхаарлаа огтхон ч сулруулж болохгүй. Дулаарсантай холбоотойгоор маск зүүхгүй байх нь том эндүүрэл, алдаа шүү. Өвлийн улиралд бээлий өмсдөг байсан бол дулаараад бээлий өмсөхгүй байна. Хятадууд цайвар, нимгэн бээлий өмсөж хамгаалсан гэдгээ дэлхийд зарласан. Зарим оронд иргэд нь энгийн үед ч гэсэн бээлий өмсдөг. Учир нь хүний гар бүх зүйлд хүрч байдаг учраас бээлий өмсөх нь маш чухал. Мөн автобусны бариул, хаалганы бариул бүгд зэвэрдэггүй гангаар хийгдсэн байдаг. Үүн дээр коронавирус хамгийн их тэсвэртэй амьдрах чадвартай вирус гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байгаа. Хэдийгээр дулаарсан ч гэсэн бээлий, маск өмсөж, гарын ариун цэврээ чанд сахиж байгаад л энэ өвчний ард гарцгаая.