“Их-20” эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангахаар тохиролцлоо

оруулсан Алсын Хараа

 “Их-20”-ийн Эрчим хүчний сайд нар “COVID-19” цар тахал дэгдээд буй энэ үед эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангахаар тохиролцсон боловч нефтийн олборлолтыг бууруулах асуудлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

“Их-20” зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд гишүүн бүрийн нөхцөл байдлыг харгалзсан нэгдмэл бодлогыг боловсруулахаар тохиролцлоо гэж Эрчим хүчний сайд нарын цахим уулзалтын дараа гарсан хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ.

“Бид олборлогчид, хэрэглэгчид хоорондын ашиг сонирхлын тэнцвэрийг хадгалж, эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг хангаж, нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулахгүйн тулд шаардлагатай бүх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлнэ” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.

Дэлхий улс орнууд “COVID-19” цар тахалтай тэмцэх үүднээс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, эдийн засаг хумигдсантай холбоотойгоор нефтийн эрэлт огцом буурсан юм. Үүний зэрэгцээ Саудын Араб, ОХУ-ын үнийн дайн нефтийн үнийг сүүлийн 18 жилийн хугацаанд бүртгэгдээгүй бага хэмжээнд хүргэсэн билээ.

Баасан гаргийн байдлаар “Brent” маркийн нефтийн 32 орчим ам.доллар байсан бол “WTI” маркийн тавдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 23 ам.доллороос доогуур байжээ. “Их-20”-ийн Эрчим хүчний сайд нар мөн авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ хянах түр ажлын хэсгийг байгуулахаар тохиролцжээ.

Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүд болон холбоотнууд /ОПЕК+/ тав, зургадугаар сард нефтийн олборлолтыг өдөрт 10 сая торхоор бууруулах тохиролцоонд пүрэв гарагт хүрсний дараа “Их-20”-ийн төлөөлөгчид уулзсан юм.

Саудын Арабын даргалсан Эрчим хүчний сайд нарын уулзалтаар олборлолтыг бууруулах хэлэлцээрийг албан ёсоор байгуулж магадгүй хэмээн таамаглаж байсан боловч уулзалтын хамтарсан мэдэгдэлд энэ талаар дурдаагүй байжээ. Эрчим хүчний сайд нарын ээлжит уулзалт ирэх есдүгээр сард болно.

ЭР-РИЯД. /Xinhua/

Сэтгэгдэл бичих