БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Хойд Солонгосын ардын армийн /САА/ мина харвалтын анги нэгтгэлийг оролцуулсан их бууны буудлагын төлөвлөгөөт бус сургуулийг удирдан явууллаа гэж Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээнд тэмдэглэснээр, энэхүү сургуулилтыг "гэнэт" зохион байгуулсан байна. Уг сургууль нь "САА-ийн мина харвалтын анги нэгтгэлүүдийн байлдааны бэлэн байдлыг шалгах зорилготой байсан" бөгөөд тэмцээн хэлбэрээр явуулжээ. "БНАСАУ-ын удирдагч сургуулилтын үр дүнд сэтгэл хангалуун байснаас гадна цэргүүдээр бахархаж, мөн талархаж байгаагаа илэрхийллээ" хэмээн "KCNA" агентлагийн мэдээнд онцолсон байна.
Энэ удаагийн сургууль нь 2020 он гарснаас хойш тус улсын их буучдын дунд зохион байгуулсан гурав дахь тэмцээн юм. Өмнө нь Ким Жөн Ун гуравдугаар сарын 12 болон 20-нд зүүн болон баруун эрэгт байрладаг их бууны ангиудын сургуулилтыг удирдан явуулж байжээ.
ПЁНЬЯН. /TASS/