"Чингис Хаан" Банк нь 2001 онд Монгол улсын хамгийн анхны 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай банк болон байгуулагдаж, 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулагчтай банк болон өөрчлөгдсөн. Үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ, Өмнөговь зэрэг нийгмийн хөгжлийн ач холбогдол бүхий аймгуудад салбар, нэгжээ байгуулан банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагч нартаа хүргэдэг. Гэтэл 2019 оны сүүл үеэс эхэлж тус банкны үйл ажиллагаа доголдож буй тухай таамаг мэдээлэл цахим орчинд тархах болсон.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Чингис хаан" банкинд хадгаламж нээлгэсэн харилцагчид нь мөнгөө буцааж авч чадахгүй байгаа. Тухайлбал, тус банкны харилцагч, томоохон хадгаламж эзэмшигч 30 гаруй иргэн нийт 8,3 тэрбум төгрөгийн хадгаламжаа авахаа мэдэгдсэн ч тус банкны удирдлагууд ямар нэгэн шийдвэртэй хариу өгөхгүй байсаар өнөөг хүрчээ. Тиймээс тэдгээр хадгаламж эзэмшигчид нэгдэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон хууль, хяналтын байгууллагад хандахаа мэдэгдээд байна.