Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшиний УИХ-ын нэгдсэн чуулганд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2020 оны 4-р сарын 10-ны өдөр Төрийн ордон
Эрхэм Улсын их хурлын дарга аа,
Эрхэм Улсын их хурлын гишүүд ээ,
Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд КОВИД-19 халдварын цар тахалын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэн, хамгаалах, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар асуулга хүргүүлсэний дагуу миний бие Улсын онцгой комиссын даргын хувиар мэдээлэл хийж байна.
КОВИД-19 халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хурлаар 12 удаа, Улсын онцгой комиссоор 15 удаа, УИХ-ын чуулганд 1 удаа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 5 удаа, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд 1 удаа тус тус хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрүүдийг гаргаж, дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Асуулга 1. Хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах эмнэлгийн оношилгоо, үйлчилгээ, эм, эмнэлгийн болон хамгааллын хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажиллах хүчний нөөц хангамж, түүний хуваарилалт, төлөвлөгөөний талаар
Монгол Улсад КОВИД-19 халдвар гарахаас сэргийлэн хамгаалах, эрт илрүүлэх, голомтын цар хүрээг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах стратегийг баримтлан ажиллаж байна.
Халдварын тархалтыг хязгаарлахын тулд голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийг ганцаарчлан тусгаарлаж, тандалт судалгаа, шинжилгээ хийх, эмчлэх тактик нь үр дүнгээ өгч байна.
2020 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар манай улсад зөөвөрлөн ирсэн 16 тохиолдол илэрсэн 4 иргэнийг манай эмч нар амжилттай эмчлэн эдгээснийг онцлон тэмдэглэе.
КОВИД-19 халдварын эмчилгээ оношилгооны зааврыг ДЭМБ болон ОХУ, БНХАУ-ын оношилгоо эмчилгээний удирдамж, заавар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаанд үндэслэн үндэсний эмчилгээ оношилгооны зааврыг тухай бүр боловсруулан мөрдөж байна.
Засгийн газрын нөөц сангийн 10,0 гаруй тэрбум төгрөгөөр нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлтийн бодис, худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан ажиллаж байна.
Үүнд 12 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, вирусийн эсрэг болон уушгины хатгалгаа өвчний эмчилгээнд шаардлагатай 6 нэрийн эм, вирусийн эсрэг, антибиотик, судсаар сэлбэх шингэн, амилуулах тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 21 нэрийн эм, хүчилтөрөгч эмчилгээнд шаардлагатай 5 нэрийн эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, аймаг, нийслэлийн нийт 38 эрүүл мэндийн байгууллагад хуваарилсан. Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс 1200, ОХУ-аас 200, ДЭМБ-аас 3000 оношлуурыг авч, оношилгоонд хэрэглэж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 9 нэрийн төрлийн 572тоног төхөөрөмж худалдан авч Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын 3-р төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, Орхон, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Дорнод аймгийн Халхгол сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэгт хуваарилан угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгээд байна.
Дэлхийн банкны санхүүжилтээр 2.2 сая доллар буюу 5.93 тэрбум төгрөгөөр суурин рентген аппарат 10 ширхэг, зөөврийн рентген аппарат 12 ширхэг, зөөврийн эхо аппарат 41 ширхгийг тус тус авч хуваариллаа.
Дорноговь аймгийн Замын-Үүдсуманд 100 ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой эмнэлгийн барилгын гэрээг тус тус байгуулан улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Анагаахын чиглэлээр сургалт явуулдаг 8 сургуулийн 6 дугаар курсын 1340 оюутан, 1824 дадлагажигч эмчийг сургаж бэлтгэн халдвартын чиглэлээр бусад эмнэлэг рүү шилжүүлэн ажиллуулахаар лавлагаа төвүүдийн 159 эмч, 66 сувилагчийг тусгайлан бэлтгээд байна.
Тусгаарлах байруудад лавлагаа төвийн нэг эмч ахлан, дадлагажигч эмч нарыг томилон ажиллуулж байгаа бөгөөд мөн 168 резидент эмч нарыг нийслэлийн автозамын хяналтын цэгүүдэд ажиллуулсан.
ДЭМБ-ын зөвлөх багтай хамтран тархвар судлал, эмнэлзүй, халдварын хяналт сэргийлэлтийн чиглэлээр хамтран ажиллаж эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажууллаа.
Асуулга 2. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, шинжилгээ, нийгмийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, бэлтгэл бэлэн байдал, хариу арга хэмжээ, дайчиллагааны төлөвлөгөөний талаар
Салбар хоорондын эрсдэлийн үнэлгээний баг байгуулж, эрсдэлийн үнэлгээг 6 удаа хийсэн бөгөөд 3 дугаар сарын 22-ны өдөр хийсэн үнэлгээгээр КОВИД-19 халдвар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирэх, улмаар тархах эрсдэл “Маш өндөр” гэж дүгнэсэн болно.
УОК-ын даргын 2020 оны 6 дугаар тушаалаар Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, салбар хоорондын ажлын уялдаа холбоог хангах, харилцан ажиллагааг зохицуулах, шаардлагатай асуудлаар санал боловсруулах чиг үүрэгтэй Шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.
Уг шуурхай штаб “КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги, төлөвлөгөө”, “Гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авчрах, тусгаарлах төлөвлөгөө”, “КОВИД-19 халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”, “КОВИД-19 халдварын үед иргэдийг гэрт үргэлжлүүлэн тусгаарлах түр журам”, “Тусгаарлан ажиглах байрнаас гарсан иргэдийг гэрээражиглах зөвлөмж”, “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах түр журам” зэрэг баримт бичгийг мөрдөж ажиллаж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Шуурхай удирдлагын нэгж 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн идэвхжлийн горимд шилжив.
КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад эрүүл мэндийн байгууллагын 13,745, цагдаагийн байгууллагын 920, Онцгой байдлын байгууллагын 530, Мэргэжлийн хяналтын байгууллагын 1,950, бусад төрийн захиргааны байгууллагын 1,200, аж ахуйн нэгжийн 303, нийт 18,648 хүн ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдууланаймаг, нийслэлийн хэмжээнд нийт 6,125төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албад, мэргэжлийн ангийн нийт 462 гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 13840 хүн, 2045 автомашин, техник хэрэгслийг томилгоожуулав.
Асуулга 3. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож буй төрийн албан хаагчдын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс үзүүлж буй тусламж, дэмжлэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөөгөөний талаар
КОВИД-19 халдварт өвчний үед иргэдэд төрөөс үзүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, нийгмийн хамгааллын чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Үүнд:
- Өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргаанд дэмжлэг үзүүлэх замаар хүүхдүүдийн эрүүл мэнд, дархлааг сайжруулах зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 4, 5, 6 дугаар сард 30000 төгрөг болгох;
- 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ны өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөх;
- Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагын ажиллагсдад ажилгүйдлийн даатгалын сангаас гурван сарын турш сар бүр 200,000 төгрөг олгох арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлж байна.
Дээрх арга хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүд хамрагдах боломжтой юм.
Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоолоор жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан албан хаагчийг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан.
Халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гардан хариуцан хэрэгжүүлж буй ЭМЯ, ГХЯ, ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ЦЕГ зэрэг байгууллагууд ажилтнууддаа богиносгосон цагаар ажиллах, илүү цагийн хөлс, урамшуулал олгох, албан хаагчдыг хувийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангах, албан хаагчийн ар гэрт нь хүнсний тусламж үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө бүхий аудио болон видео хичээлүүдийг өгөх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.
Эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлсөнд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний дотор өндөр эрсдэлтэй голомт дээр ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 41.0 сая төгрөг олгох болно.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон гэр бүлд дараах дэмжлэгүүдийг үзүүлж байна. Үүнд:
· Эмч эмнэлгийн мэргэжилтнийг халдвараас сэргийлэх, тэдний дархлааг дэмжих арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайдын албан даалгавар гаргаж, хэрэгжүүлж ажиллаж байна.
· Төрийн албан хаагч нарын гэр бүлийнхэнд амны хаалт оёж түгээх ажлыг эрүүл мэндийн байгууллагууд зохион байгуулж байна.
· Эмч, эмнэлгийн ажилтнуудыг дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол, хүнсээр үйлчлэх ажлыг эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлж хэвшлээ.
· Халдварын голомт, тусгаардах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ДЭМБ-аас өгсөн зөвлөмж зааврын дагуу хувийн хамгаалах хувцас хэрэгслээр хангаж ажиллаж байгаа бөгөөд эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвараас сэргийлэх сургалтад тогтмол хамруулан, сургаж дадлагажуулж байна.
· Үүрэн телефоний компаниудтай хамтран холбогдох албан тушаалтан, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн утсыг нэгж, датагаар хангаж байна.
· Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагаар орон нутагт томилолтоор ажиллахад зориулж, МИАТ компаниас нислэгийн тийзийн эрхийг эрүүл мэндийн салбар, лавлагаа төвүүдэд олгосон.
КОВИД-19халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд 5 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй болон өрх толгойлсон алба хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед ажлын цагийг богиносгож 15:30 цаг, бусад эмэгтэй алба хаагчид 17:30 цаг, эрэгтэй алба хаагчид 18:00 цаг хүртэл ажиллахаар журамласан ба 0-5 насны хүүхэдтэй 75 эмэгтэй албан хаагч тушаалын хүрээнд богиносгосон цагаар ажилласан.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа нийт 14 төрийн байгууллагын 1,133 албан хаагчид 500,000-1,000,000 төгрөгийн урамшуулал болгож нийт 631,900,000 сая төгрөгийг Улсын онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандивын данснаас олгоно. Үүнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, ЗӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, ХХЕГ, ГЕГ, ТЕГ, ЦЕГ зэрэг байгууллагуудын албан хаагчид, МИАТ-ын захиалгат нислэгүүдэд ажилласан бүрэлдэхүүн болон гадаад улс орнууд дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын дипломат ажилтнууд орно.
Асуулга 4. Халдварын голомт бүхий гадаад улс орноос Монгол Улсад ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалт хийх, эмчлэх байрны нөхцөл байдал, хоол, хүнсний үйлчилгээ, халдваргүйжүүлэлт, аюулгүй байдал, эмнэлгийн болон ахуйн хог хаягдлын устгалыг хийх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөгөөний талаар
2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс гадаад улсаас эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан нийт 6,259 хүнийг зохион байгуулалтайгаар татан авч 4,367 хүнийг тусгаарласан байна.
Улсын онцгой комиссын даргын 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр баталсан “КОВИД-19 халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-аар тусгаарлах байранд тавигдах шаардлага, мөрдөх хэм хэмжээ, тусгаарлан ажиглалтад байгаа иргэний үүрэг зэрэг харилцааг зохицуулж байна.
2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, 6 аймгийн 52 байршил (эмнэлэг, сувилал, амралт, зочид буудал)-д нийт 1601 иргэн тусгаарлагдаж байна.
Тусгаарлагдсан иргэдэд 2800-3200 ккал илчлэгтэй хоол хүнсээр өдөрт 3 удаа үйлчилж байгаа бөгөөд хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, хүнсний аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа.
Тусгаарлах байрт эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагаас нийт 416 алба хаагч томилогдон ажиглалтад байгаа иргэдийн биеийн халууныг хянах, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байна.
Тусгаарлах байрны өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тухайн байгууллага, эцсийн халдваргүйтгэлийг ЗӨСҮТ гүйцэтгэж байна.
Тусгаарлах байранд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтны хэрэглэсэн амны хаалт, халад, малгай зэрэг хог хаягдлыг эмнэлгийн хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох “Элемент” ХХК-д устгаж байгаа.
Асуулга 5. Халдварын голомт бүхий гадаад улс орноос монгол иргэдийг эх орондоо татан авчрах судалгаа, тооцоо, төлөвлөгөөний талаар
2020 оны 1-р сарын 28-ны өдрөөс 4-р сарын 9-ны байдлаар Монгол Улсын нийт 19 боомтоор 77,974 Монгол Улсын иргэн орж ирснээс халдварын голомт бүхий улс орноос иргэдээ зохион байгуулалттайгаар татан авчрах Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 6,259 иргэнийг татан авчирсан байна.
Зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд түр зогсоосонтой холбогдуулан ГХЯ, ЗТХЯ, ХХЕГ хамтран 1 дүгээр сард 3036, 2 дугаар сард 934, 3 дугаар сард 1,501, 4 дүгээр сард 788, нийт 6,259 Монгол Улсын иргэдийг /Буянт-Ухаа-1842, Булган-3, Шивээхүрэн-436, Гашуунсухайт-863, Ханги-10, Замын-Үүд-1919, Бичигт-404, Баянхошуу-18, Хавирга-329, Алтанбулаг-78, Арцсуурь-1, Ханх-7, Цагааннуур-344, Эрээнцав-3/ татан авсан.
9 захиалгат нислэгээр БНХАУ-ын Ухань хотоос 31, БНСУ-аас 766, ОХУ-аас 231, Япон улсаас 519, БНТурк Улсаас 252, Катар улсаас 43, татан авсан нийт 1842 иргэнийг Буянт-Ухаа боомтоор улсын хилээр хялбаршуулсан журмаар шалган нэвтрүүлсэн.
Хилийн Буянт-Ухаа, Гашуунсухайт, Бичигт, Хавирга, Булган, Алтанбулаг, Ханх, Боршоо, Эрээнцав, Цагааннуур, Сүхбаатар боомтоор өндөр халуурсан, голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэд болон тэдгээртэй ойрын хавьтал бүхий нийт 4367 иргэнийг хилийн мэргэжлийн хяналтын алба, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлж, тусгаарласан.
2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд эдгээрээс дийлэнх нь БНСУ (2000 гаруй), АНУ (1270), Австрали (906), БНКазУ (560), БНЭУ (549), БНТУ (437), ИБУИНХУ (365), Япон (300) зэрэг улсаас байна. Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89, бусад 4413 байна.
Гадаад харилцааны яам МИАТ болон арилжааны нислэг үйлддэг компаниудтай хамтран Европ, Австрали, Хойд Америкийн бүсээс монгол иргэдийг татан авах талаар судалгаа хийж байна.
Түүнчлэн гадаадад байгаа иргэдээ хэрхэн дэмжиж туслах талаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран судалгаа хийж, хариу арга хэмжээг төлөвлөж байна. Үүнд, халдварын тархалтын талаар мэдээлэл, сурталчилгаа хийх, амны хаалт, ариутгалын бодисоор хангах, ажил, орлогогүй болсон иргэдэд мөнгөн тусламж өгөх, тусгаарлах байрны зардалд дэмжлэг үзүүлэх зэрэг болно.
Асуулга 6. КОВИД-19 халдварын тархалтын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, зарцуулах төлөвлөгөөний талаар
КОВИД-19 халдварын тархалтын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогын7 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр багц арга хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувь буюу 5.1 их наяд төгрөг болно. Үүнд:
1. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд НДШ-ээс ААНБ -уудыг бүрэн тэглэлээ. 26 хувийн татвар тэглэсэн.
2. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй. Бүрэн чөлөөллөө.
3. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААНБ-ын үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй.
4. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа хувийн хэвшлийн ААНБ-ын ажилчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. НДШ-ээ төлж байгаа, ажилчдынхаа орон тоог цомхотгоогүй ААНБ үүнд хамрагдана. НДЕГ дээр НДШ төлдөг байгууллагуудын мэдээлэл дээр үндэслэж дээрх мөнгийг олгоно.
5. Малчдаас ноолуур худалдан авахад зориулан 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг үйлдвэрлэгч нарт олгоно. Хүүгийн зөрүүг Засгийн газар даана.
6. 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 000 төгрөг дээр нэмж 10 000 төгрөг 3 сарын турш олгоно.
7. Дөрөвдүгээр сарын 15-аас эхлэн шатахууны литр тутамд 300-400 төгрөгийн хямдрал үзүүлж буулгах ажлыг хэрэгжүүлнэ.
Үүний зэрэгцээ төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхээр тооцвол нийт 8.2 их наяд төгрөгийн дүнтэй багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Уг хөрөнгө оруулалтын батлагдсан санхүүжилтээс бусад шаардлагатай 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг гадаад зээл, тусламж, төсвийн хөрөнгө, боломжит хэмнэлтээс санхүүжилтийг шийдвэрлэж байна.
Нийт 179.7 тэрбум төгрөгийн гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрболон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор хэмнэгдсэн зардал байна.
Эдийн засгийн эргэлтийг сэргээх ажлын хүрээнд нүүрсний экспортыг сэргээж, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтуудаар нүүрс тээвэрлэлт эхлээд байна.
Түүнчлэн 2020 оны улсын төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийн нийт 3.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудын санхүүжилтийг хийснээр нийт туслан гүйцэтгэгч, гэрээт зэрэг 15,000 гаруй аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын ажилд оролцож, тэдгээрийн 150,000 гаруй ажилчид цалинтай, орлоготой байх юм.
Мөн бүх шатны гадаад, дотоод томилолт, зочин төлөөлөгчийн зардал, тавилга эд хогшлын зардал, их засвар, хурал зөвлөгөөний болон бусад тэвчиж болох бүх урсгал зардлыг бүрэн зогсоогоод байна.
Асуулга 7. КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсэд ард иргэд, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, бусад улс орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудаас үзүүлж буй санхүүжилт, хандив тусламж, түүний зарцуулалт, хуваарилалтын талаар
Гадаад орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар нийт 179.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуурын санхүүжилтийг шийдээд байна. Үүнд: АХБ-наас нийт 4.2 тэрбум төгрөг, Дэлхийн банк 6.0 тэрбум төгрөг, БНСУ-аас 4.5 тэрбум төгрөг, бусад олон улсын байгууллага 6.0 тэрбум төгрөг зэрэг техник туслалцаа үзүүлж, нэмэлтээр АХБ-ны зээл 81.9 тэрбум төгрөг, АХБ-ны тусламж 2.7 тэрбум төгрөг, Дэлхийн банкны 74.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж байна.
Мөн төсвийн дэмжлэг болох ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд АХБ-наас 60.0 сая ам.доллар, Европын холбооны 47.1 сая ам.доллар орж ирэх бөгөөд шинээр төсвийн дэмжлэг болгож АХБ-наас 200.0 сая ам.доллар хүртэлх зээл, бусад олон улсын байгууллагаас 100 сая.ам долларын зээл шийдэгдэнэ. Түүнчлэн шинээр хэрэгжих 14 хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслийн эх үүсвэр нийт 720.0 сая ам.доллар байна.
Эдгээр бүх санхүүжилт, хандивыг зориулалтын дагуу ашиглаж хуваарилалт хийгдэх юм.
КОВИД-19 халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд Улсын Онцгой комисст 2.9 тэрбум төгрөг, 469.8 сая төгрөгийн бараа, материал, нийт 3 тэрбум 381 сая төгрөгийнхандив, тусламжийг 305 аж ахуйн нэгж байгууллага, 28749 иргэнээс үзүүлсэн байна.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 320 сая төгрөгийн 5000 ширхэг амны хаалт /нэг удаагийн/, 5000 ширхэг амны хаалт/N95/, 1000 ширхэг хамгаалалтын хувцас, 5000 ширхэгоношлуурыг тус тус хүлээн авч, ЭМЯ-д хүлээлгэн өгсөн. Мөн тус улсын иргэн Жак Ма-аас 500 мянган ширхэг амны хаалт /KN95/ хандивласныг хүлээн авсан.
Хандив, тусламжаар төвлөрсөн мөнгөн хөрөнгө болон бараа материалыг хүлээн авах, хуваарилах, хяналт тавих үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын баталсан "Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах түр журам"-аар зохицуулан ажиллаж байна. Үүнд:
- Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Зүрх тасагт аппарат худалдан авахад 240 сая төгрөг, уушиг орлуулах ECMO аппаратын иж бүрдэл тус тус худалдан авахад 450 сая төгрөг;
- КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахаар БХЯ-ны "Бөртэ" ТӨҮГ, ШШГЕГ-ын 407, 409 дүгээр анги, ХХЕГ-ын 0288 дугаар ангийн оёдлын үйлдвэрүүдээр амны хаалт оёулахаар байгуулсан гэрээний зардал 85 сая төгрөг;
- Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Төрийн байгууллага болон тусгаарлах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, дархлааг дэмжих, УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаанд нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад 689.4 сая төгрөг;
- БНХАУ-аас ирүүлсэн хандив, тусламжийг хүлээн авах, тээвэрлэх болон УОК-ын шуурхай штаб, тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, гар ариутгагч, денатуратын үйлдвэрлэлд шаардагдах зардалд 53.6 сая төгрөг, нийт 1 тэрбум 538 сая төгрөгийг зарцуулж, 1 тэрбум 372 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.
КОВИД-19 халдварын цар тахлын голомт болон эрсдэлтэй нөхцөлд ажилласан эмч, эмнэлэгийн ажилчид, төрийн байгууллагын албан хаагчдад олгох урамшуулалд 631.9 сая төгрөг, БНХАУ-ын Засгийн газраас дахин өгч буй хандивын бараа, материалыг хүлээн авахад 5,5 сая төгрөг, нийт 637,4 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна.
Хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн амны хаалт, бээлий, эмнэлгийн ор, халдвар хамгааллын хувцас, цэвэрлэгээний материал, шатахууны талон, гар утасны ярианы нэгж, интернет дата эрх, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн гэх мэт 18 нэр төрлийн бараа, материалыг Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу тусгаарлан ажиглах байрууд, УОК-ийн Шуурхай штаб болон өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад олгов.
КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжихээр аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс Эрүүл мэндийн яаманд 709,6 сая төгрөг мөнгөн хэлбэрээр, 651,4 сая төгрөгийн эд, материалын хандив цугларсныг Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/193 дугаар тушаалаар эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, илүү цагийн хөлс, шатахууны зардалд харъяа эмнэлгүүдэд хуваарилан зарцуулсан байна.
Аймаг, нийслэлийн Онцгой комисст Олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 2,3 тэрбум төгрөг, ЦЕГ, МХЕГ-т ахуйн нэгж байгууллага, иргэдээс 80,1 сая төгрөгийн хандив, тусламж ирүүлсэн бөгөөд тухайн аймаг, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр зарцуулж байна.
Хандив, тусламжийн мөнгөн хөрөнгийн орлого, зарцуулалт, худалдан авах ажиллагааны талаарх тайлан, мэдээллийг холбогдох байгууллагын шилэн дансанд байршуулахаас гадна Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын цахим хуудас болонхэвлэл, мэдээллийн хэрэгслээр тухай бүр мэдээлэж байгаа болно.
Асуулга 8. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарч байгааг тооцоолж, эдийн засгийн эргэлтийг сэргээх, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэх талаар:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх тухай санаачилгыг манай Засгийн газар судалж байна.
УИХ-ын 2020 оны 4-р сарын 9-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн КОВИД-19 халдварын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.
Мөн дээрх тогтоолтой хамт өргөн мэдүүлэгдсэн байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Уг хөтөлбөр батлагдсанаар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих бөгөөд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас татвараас чөлөөлөх, мөн иргэн, аж ахуйн нэгжийг Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх, 2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид 200 мянган төгрөг олгох зэрэг дэмжлэг багтаж буй юм.
Түүнчлэн, хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөг 30 мянган төгрөг болж нэмэгдлээ.
Дотоодын зах зээлд махны хангамжийн тогтвортой байдлыг хангах, нийлүүлэлтийн хомсдол, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор мах, махан бүтээгдэхүүний экспортыг түдгэлзүүлэх хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргаж, Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд бэлтгэсэн нөөцийн махны хэмжээг цаашид нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байна.
Гамшгийн нөхцөлд хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний дэд төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, төлөвлөгөөгөө Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд хүргүүлэхээр ажиллаж байна.
Улсын хэмжээнд спиртийн 5 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хүн эмнэлэг, эмийн үйлдвэрлэл, мал эмнэлэг, ариутгал халдваргүйтгэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 2020 онд хэрэглэх хүнсний болон техникийн спиртийн хуваарийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А-17 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж байна.
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан санхүү, төсвийн чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай саналыг бэлтгэн Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд хэлэлцүүлж, дэмжигдэв. Тогтоолын өөрчлөлтөөр Монгол Улсад импортолж байгаа хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хойшлуулах, 2020 оны 3 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд холбогдох татвараас чөлөөлүүлэх хуулийг УИХ-ын Чуулганы 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар батласан.
Асуулга 9. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох хуулийн төслийн талаар
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дараах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг баталж, хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Үүнд: Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Онц байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулж байна.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тусгайлсан хууль гаргаж зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна.
Асуулга 10. КОВИД-19 халдварын эсрэг вакцин, эмчилгээ, сувиллын талаар дэлхийн улс орнуудад хийгдэж байгаа туршилт, туршлага, нөхцөл байдлын талаар
КОВИД-19 халдварын үр дүнтэй эмчилгээг гаргах зорилгоор 4 эмийн үйлчлэлийг судлах "Эв нэгдлийн туршилт” нэртэй олон улсын эмнэл зүйн туршилтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эхлүүлсэн. Энэ судалгаанд олон орны өвчтөнийг нэгэн зэрэг хамруулснаар үр дүн нь батлагдаагүй эмчилгээг богино хугацаанд харьцуулах боломж олгож байна.
4 төрлийн эмийн бодист Ремдезивир, хумхаа өвчний эмчилгээнд хэрэглэгддэг хлороквин, ДОХ-ын 2 эмийн (лопинавир, ритонавир) хавсарсан эмчилгээ болон лопинавир, ритонавир дээр Бетта-интерферон орсон. Давхар хяналттай эмнэл зүйн туршилтыг аргачлалыг боловсруулж, судалгааг явуулах дундаж хугацаа нь хэдэн жил үргэлжилдэг байхад "Эв нэгдлийн туршилт” нь хугацааг 80% хүртэл бууруулсан. Одоогийн байдлаар 74 улсын 200 өвчтөн хамрагдаад байгаа бөгөөд Монгол Улсыг уг хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байна.
БНХАУ вирусийн гений дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дараа вакцины анхны туршилт эхэлсэн. Одоогоор 20 гаруй байгууллага, компани вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Вакцин гаргаж авахад 12-18 сар шаардлагатай. SARS, MERS-ийн вакцины гений дараалал харилцан хамгаалах магадлал багатай. Хам урвалын лабораторийн шинжилгээний хариу хэдэн 7 хоногийн дараа гарна.
ДЭМБ-ын болон БНХАУ-ын эмчилгээний зааварт хөнгөн өвчтөнийг 14 хоног, хүндэвтэр болон хүнд өвчтөнийг 3-6 долоо хоног эмчилнэ гэсэн. Гэтэл манай улсад эмчлэгдэж буй анхны тохиолдол өнөөдрийн байдлаар 27 хоног эмчлэгдэж байгаа боловч цаашид 2 долоо хоног эмчлэх шаардлагатай байна.
Эмнэлзүйн зөвлөх эмч нарын зөвлөгөөний дагуу вирусийн эсрэг Ремдесивир, Хлорафин фосфат, Лопинавир+Ритонавир, Авиган, Рибавирин зэрэг эмүүдийн захиалгыг хийсэн.
БНХАУ-д альфа интерфероныг утлагаар, мөн эдгэрсэн хүний цусны ийлдсийг ялгаж авч эмчилгээнд туршиж байна.
Мөн уламжлалт эм танг халдварын хөнгөн үед, дархлаа дэмжих зорилгоор хэрэглэж байгаа. Зүү эмчилгээг өвчлөөд эдгэрсэн хүнд сэргээн засах эмчилгээний зорилгоор хэрэглэж байна.
БНХАУ, Япон, БНСУ, Австрали, болон АНУ, Израиль улсын эрдэмтэд КОВИД-19 халдварын эсрэг вакциныг турших ажлыг хийж байна.
КОВИД-19 халдварын эмчилгээ оношилгооны зааврыг ДЭМБ болон ОХУ, БНХАУ-ын оношилгоо эмчилгээний удирдамж, заавар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, нотолгоонд үндэслэн өөрийн улсын эмчилгээ оношилгооны зааврыг тухай бүр шинэчлэн боловсруулахын зэрэгцээ уламжлалт анагаах ухааны аргаар эмчилгээ оношилгооны заавар гаргасан.
Сүүлийн үед цөөнгүй хүн тайвшрах, амны хаалт хэрэглэхгүй байх, онцын шаардлагагүй атлаа сэлгүүцэн хэсүүчлэх, ялангуяа зуслан зэрэг хотын зах газруудад олноороо цуглаж бужигнах, хүүхэд залуучууд сагс, гар бөмбөг зэрэг олныг хамарсан тоглоом наадмыг хээр гадаа зохион байгуулах, хорооллын дотор болон орон сууцны орц хонгил, гудамж талбайн цэвэрлэгээ хангалтгүй байгаа зэрэг үзэгдэл ихсэх хандлагатай байгаад бүх түвшинд дүгнэлт хийж анхааръя.
Бид тайвшрах болоогүй. Цагийн байдал хүнд хэвээрээ, өдрөөс өдөрт шинэ шинэ нөхцөл бий болж байна.
Хөл хөдөлгөөн ихсэхийг КОВИД-19 халдварын цар тахал огт анддаггүй нь дэлхийн улсуудын сургамжаас харагдаж байна.
Хятад хаврын баяраа өргөн тэмдэглэснээс, Солонгос сүмийн цугларалтаас, Иран өдөрт хэдэн удаа үйлддэг мөргөлийн ёс заншлаас, Итали Миланд болдог олон улсын загварын үзэсгэлэн шоу зохион байгуулснаас, Америк ердийн нэг томуу хэмээн тайвширснаас, Франц, Герман, Англи зэрэг орон урьдчилан сэргийлэх ажлыг дутуу үнэлснээс хяналтаа алдсан будсын гашуун сургамжийг бид байнга санаж, сэрэмжтэй явах учиртайг нийт иргэддээ сануулъя.
Иймд манай ахмадууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, аж ахуйн нэгж, албан газрын удирдлагууд, орон нутгийн төр захиргааны шат шатны байгууллагуудын эрх баригчид атгасан гар шиг эв нэгдэлтэйгээр “Дуугарвал дуу нэгтэй дугтарвал хүч нэгтэй”, “Маскаа зүүцгээе” аянд нэгдэн, идэвхтэй ажиллахыг олон түмнийг дагуулах хүчирхэг хэрэгсэл хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагч нарт уриалж байх, эмх цэгц, дэг журам хариуцлагыг сануулах талуудыг буулгаж хэрхэвч болохгүй.
Энэ бол монголчууд бүгдээр эрүүл эсэн мэнд явах арга мөн гэдгийг эцэст сануулъя. Иргэд зайнаас харьцах, төр хувийн хэвшлийн аль ч байгууллага, худалдаа үйлчилгээний газрууд маскгүй хүнд үйлчлэхээ бүр мөсөн болих. Гудамжны эргүүлийн тоог нэмэх. Гудамж талбайд иргэд бие биедээ хатуу шаардлага тавьж хэвших. Залуус олноороо цугларсан газруудад шуурхай хүрч зохицуулах, тараах. Зохион байгуулсан этгээдэд шийтгэл оногдуулах арга хэмжээг төрийн байгууллагууд цаг алдалгүй авч байх шаардлагатай байна.
Энэ цаг үед монголчууд бид эв нэгдэлтэй, чанд зохион байгуулалттай, өндөр хариуцлага сахилга баттай, онцгой сонор сэрэмжтэй байж чадсанаар тохиолдож болох өвчин бэрхшээл эрсдэлийг хохирол багатай даван туулах болно.
Монгол ард түмэн мань энх тунх байх болтугай. Эх дэлхий амгалан байж, хүн төрөлхтөн айх аюулгүй, амар тайван байх болтугай гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.