АХБ: Монгол Улсын эдийн засаг энэ онд 6.6 хувиар өснө

оруулсан Алсын Хараа

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засаг энэ онд 6.6, ирэх онд 5.9 хувиар өсөх тооцоо гаргажээ.

АХБ-наас жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд бага зэрэг саарсан ч ирэх онуудад эрчимтэй өснө. Үүнд уул уурхайн салбар, тэр дундаа зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмж буй Оюу толгойн уурхай гол түлхэц үзүүлэхээс гадна багагүй хохирол амссан мал аж ахуйн салбар сэргэх төлөвтэйг дурджээ.

АХБ-ны ахлах эдийн засагч Эдуард Фейбер хэлэхдээ, "Монгол Улс өнгөрсөн онд эдийн засгийн тэсвэртэй байдлаа хадгалж чадлаа. Үүнд хөдөө аж ахуйн салбарын огцом агшилтыг уул уурхай, үйлчилгээний салбарын эрчимтэй өсөлт нөхсөн нь нөлөөлсөн. Уул уурхайн салбар 2025, 2026 онд эдийн засгийн гол хөдөлгүүр хэвээр байна. Дотоодын эрэлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар аажмаар сэргэж буй нь өсөлтөд нөлөөлнө. Гэхдээ түүхий эдийн экспорт, тэр дундаа нүүрсний экспортоос хамааралтай байгаа тул эрсдэл байсаар байна” хэмээн тодотгов.

Төсвийн зардал тэлж, эрчим хүчний үнийг нэмснээр инфляц 9.1 хувьд хүрсэн. Энэ жил инфляцын дарамт их байх боловч ирэх онд 7 хувь болж бага зэрэг буурах, мөн уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэнээр экспорт өсөх төлөвтэй. Гэхдээ хөрөнгө оруулалтын төслүүдэд шаардагдах үндсэн тоног, төхөөрөмж бараа материалын худалдан авалтаас хамааран импорт нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад ханшид тодорхой хэмжээний дарамт ирэх аж.

Эдгээр төсөөлөлд түүхий эд, ялангуяа зэс, нүүрсний үнийн болон БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, цаг агаараас шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын сэргэлт удаашрах, инфляц 9.1 хувийн төсөөллөөс давж, мөнгөний бодлогыг цаашид чангатгах шаардлага үүсэх зэргээс үүдэн өөрчлөлт гарч болзошгүй. АНУ-ын тариф, болзошгүй дам нөлөөлөл нь манай улсад шууд нөлөө багатай ч БНХАУ-ын эрэлт саарвал шууд бус нөлөө үзүүлэх магадлалтайг АХБ мэдээллээ.

Сэтгэгдэл бичих