ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал “Яг энэ цаг мөчид гадаадад байгаа монголчуудаас долоон хүн коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээлэлтэй байна. Үүний хоёр нь Москвад суралцаж буй оюутан.
ОХУ-д суралцаж байгаа оюутнууд наашаа ирэх хүсэлтээ гаргасаар байна. Маргааш Москвагаас 100 гаруй оюутан Улаан-Үдэд ирж байгаа. Хэрвээ оюутнуудаа авахгүй бол халдварын тохиолдол нь нэмэгдэж байгаа тус бүсэд өвчлөх эрсдэлтэй. Бидний зүгээс Москва, Улаан-Үд, Эрхүү хотод байгаа оюутнуудыг хооронд нь уулзуулахгүй хавьталд оруулахгүйгээр татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна” гэлээ.
Мөн “Дэлхийн 43 улсаас 6,000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Шалтгаанаар ангилан үзвэл:
Бага насны хүүхэдтэй гэр бүл 830
Эрүүл мэндийн шалтгаантай 86
Өндөр настан 278
Жирэмсэн 32
Бага насны хүүхэд 307
Оюутан 973
Байрлах газаргүй болсон 409
Санхүүгийн боломжгүй болсон 89 болон бусад шалтгаантай 4,000 гаруй иргэн байгаа. Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монгол иргэд юм. Тэднийг хэрхэн татах талаар тус улстай холбогдох мэдээлэл солилцож байна.
Гадаадад байгаа иргэд болон ар гэрийнхэн нь тэднийг Монголд авчрахыг хүсэн өргөдөл, хүсэлтээ гаргаж байгаа бол эх орондоо байгаа зарим иргэн гадаадаас хүмүүсийг битгий авчраач гэж байгаа. Энэ хайчин дунд Засгийн газар, Улсын Онцгой комисс ажиллаж байна. Гадаадад байгаа иргэдээ авчрахыг хичээн ажиллаж байгаа.
Өнөөдрийн байдлаар дараагийн онгоцын төлөвлөгөөг гаргаж байна.
Урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр ярьж байна. Үүнд гадны бусад улсаас Сөүлд очсон иргэдээ татах талаар төлөвлөж байгаа юм”
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Сүүлийн үед манай онцгой комисс МИАТ компанитай хамтраад 10-аад чартер нислэг хийсэн. Энэ нислэгүүдтэй холбоотойгоор иргэдийн дунд эргэлзээ үүсээд байгаа. Тиймээс ил тод мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. УОК-оос таван шаардлагыг тавьж байгаа өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өвчтэй гэх мэт.
Сөүлээс ирж байгаа тохиолдлуудад дандаа дээрх шаардлагыг хангасан хүмүүс ирж байгаа. Харин бусад улсад харьцангуй цөөн хүн байгаа учраас таван шалгуур үзүүлэлтээс гадна бусад иргэд багтаад ирэх суудал гарсан.
Сөүлийн эхний бүртгэлийг ЭСЯ дээр зохион байгуулсан бөгөөд ирсний дараа хоёр халдвартай тохиолдол гарсан тул эрсдэлтэй гэж үзээд утсаар бүртгэл хийж байгаа. Гэхдээ эхний нислэгийн бүртгэл хийгдэхэд л 500 гаруй хүн болчихсон байсан. Өчигдөр ирсэн бүртгэл гэхэд өглөө эхлээд 14:00 цаг гэхэд суудал дүүрчихсэн учраас иргэдэд хоосон найдлага төрүүлээд яахав гээд бүртгэлээ хаасан.
Түрүүн хэлсэнчлэн Европоос гэхэд 15, 16 суудал хоосон байсан учраас манай улсын гурав дахь ерөнхийлөгч Москвагаас тийзээ захиалаад яваад ирсэн. Яг тийм журмаар буюу суудал байсан учраас Берлинээс ирсэн нэг оюутан ирээд халдвартай нь батлагдаж, эмчилгээ хийлгээд гарсан.
Халдвар гарснаас хойш галт тэрэг болон тусгай үүргийн нислэгээр 6,000 гаруй иргэн маань эх орондоо ирсэн. Гаднаас ирж байгаа иргэдийн хувьд тухайлбал, БНХАУ-аас ирж байгаа иргэд визний зөрчилтэй, шоронд хоригдох хэмжээний хүртэл асуудалтай хүмүүс байсан ч бид нэг ч иргэнийг торгуулахгүй оруулаад ирсэн.
Бид иргэдээ авчрах ажлыг боломжоороо зохион байгуулна. Иргэдийн зүгээс олон хүсэлт тавьж байгаа. Бид хоёрхон онгоцтой, нисэх багийнхан ирээд карантинд орчихож байна. Тиймээс олон улсын нислэг очиж байгаа улсууд руу нисэж байгаа. Иргэд маань аргалаад тухайн улсад оччихвол эндэх нөхцөл боломжоо судлаад боломжоороо очоод авна.
Гадаадад байгаа иргэд минь бусдадаа тусалж дэмжээд, байргүй нэгнээ түр гэртээ байлгаад ч юм уу аргалж байхыг бид ЭСЯ-аад дамжуулан иргэддээ мэдээлж байгаа”
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр “Сөүлийн онгоцоор транзитаар явж байгаа 51 зорчигч ирсэн. Транзит нислэгээр ирж байгаа иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлах журам хэрэгжиж байгаа учраас ХӨСҮТ-ийн орны тооноос хамаараад 51 гэсэн квот тогтоосон” гэв.