Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн гэр бүлийн 2024 оны нийт орлого 15 286 193 гривен /340 мянга орчим евро/ болсон тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд мэдээлжээ.
Энэ мөнгөний талаас илүү хувь нь буюу 8,5 сая гривен нь улсын зээллэгийн облигациас олсон орлого ажээ. Үлдсэн нь ерөнхийлөгчийн цалин болон банкин дахь хадгаламжийн хүүгийн орлого, хувийн үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлснээс олсон орлого юм.
2023 онд Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний орлого 12,4 сая гривен байсан бол өнгөрсөн онд 3 сая орчмоор өссөн нь түрээсийн төлбөрийг бүрэн хэмжээгээр авсантай холбоотой ажээ.
Focus: Шольц сард 22 мянган еврогийн орлоготой
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер сард 23 003 еврогийн цалин авдаг гэж Focus сонинд мэдээлж байв. Харин огцорсон Канцлер Олаф Шольц сард 22 083 еврогийн цалин /татвараас өмнөх/ авч байсан бөгөөд депутатын цалин болон бусад нэмэгдлийг тооцвоос сард 32 788 еврогийн орлоготой ажээ.
Forbes: Цалингийн хэмжээгээр В.Путин Топ-30-д багтав
Форбес сэтгүүлээс 2024 оны 10 дугаар сард хамгийн өндөр цалинтай төрийн тэргүүн нарын жагсаалтыг гаргахад жилд 1 сая 560 мянган еврогийн цалинтай Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг тэргүүлжээ. Хоёрдугаарт Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхерд /525 мянган евро/, Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз /380 мянган евро/ нар бичигдсэн байна. Тухайн үед 400 мянган долларын цалинтай байсан АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден дөрөвдүгээрт, жилд 10,2 сая рублийн /110 мянган евро/ цалинтай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 28 дугаарт тус тус жагссан байна.
Өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө В.Путиний Сонгуулийн Төв хороонд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт “2017-2022 оны хугацаанд 67,59 сая рублийн орлогоо олсон” гэж дурджээ.