Өнөөдрийн байдлаар /2025.03.31/ Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас тус бүс нутагт бэртэж гэмтсэн, амь насаа алдсан монгол иргэн бүртгэгдээгүй гэж Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
Тус ЭСЯ-наас нийслэл Бангкок, Чон Бури, Пукет, Чианг Май болон Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажиллаж амьдарч байгаа нийт 91 иргэн, тэдгээрийн гэр бүлтэй холбогдож, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байна. Түүнчлэн газар хөдлөлтийн нөхцөл байдал, орон нутгийн засаг захиргаанаас авч хэрэгжүүлж буй шийдвэр, газар хөдлөлтийн үед болон дараагаар анхаарах зүйлс зэрэг сэдвээр иргэдэд хандсан сэрэмжлүүлэг, мэдээллийг цахимаар хүргэсэн байна.
Үүний зэрэгцээ гамшгийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан суугаа болон хавсран суугаа улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийг Элчин сайдын яамны бүртгэлд хамрагдахыг уриалав.