Газар хөдлөлтийн улмаас 1644 хүн амиа алджээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн баасан гарагт Мьянмар улсад 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Тайланд, Вьетнам, Хятадад чичирхийлэл мэдрэгджээ. Тайландын нийслэл Бангкок хотод барьж буй өндөр барилга нурсны улмаас 9 хүн амиа алдаж, 101 хүн сураггүй болжээ. Эрэн хайх, аврах ажиллагаа Мьянмар, Тайландад 72 цаг орчмын хугацаанд үргэлжилж байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн амьд үлдэх магадлал 72 цагийн дараа эрс буурдаг гэсэн судалгаа бий.

7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт Мьянмарын хоёр дахь том хот Мандалай болон тус улсын нийслэл Нейпьидо хотод их хэмжээний хохирол учруулжээ. Газар хөдлөлтийн улмаас 1700 орчим хүн амиа алдаж, 3400 орчим хүн бэртэж гэмтсэн гэж Мьянмарын цэргийн удирдагч Мин Аун Хлайн мэдэгджээ.

Аврагчид нурсан барилгуудын дороос амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж байна. Мьянмарын төв нутагт орших Мандалай хотод олон давхар орон сууцны том барилга ихээхэн сүйдэж, доод давхрууд нь нурсан байна.

Түүнчлэн хөрш Тайланд улсын нийслэл Бангкок хотод барьж байсан өндөр барилга нурсан тухай мэдээлсэн билээ. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, 11 хүн амиа алдаж, 70 гаруй хүн сураггүй хэвээр байна.

Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас зам, гүүр, барилгууд нурж сүйдсэнээр дэд бүтцэд ихээхэн хохирол учирчээ. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Ялангуяа тус улсын хоёрдахь том хот болох 1,5 сая хүн амтай Мандалай хотод ихээхэн эвдрэл сүйрэл учирчээ. Тус хот газар хөдлөлтийн голомтоос 17 км-ийн зайд оршдог байна.

Мьянмарын засгийн эрхийг барьж буй цэргийн хунтын удирдлага томоохон байгалийн гамшгийн үед гадаадаас тусламж хүсдэггүй байсан бол энэ удаад дэлхийн хамтын нийгэмлэгт хандан тусламж үзүүлэхийг уриалжээ. Европын Холбоо, Хятад, Орос, АНУ, Өмнөд Солонгос улсууд Мьянмарт туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл бичих