Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм.
Уг хурдны зам нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт зургаан эгнээ 32 километр үргэлжилнэ. Хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.
Туулын хурдны зам бол Шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9870 урт метр гүүр, долоон байршилд 370 урт метр туннель барихаар төлөвлөсөн байна. Түүнчлэн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөсөн олон түвшний огтлолцол нь нийслэлийн босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох зорилготойг хотын дарга Х.Нямбаатар ярилаа.
Төслийн барилга угсралтын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэх бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттай хийхээр төлөвлөжээ.