Монголбанкны Мөнгөний бодлогын хороо /МБХ/-ны 2025 оны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.
Мөн банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоох, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоосон байна.
Төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлт, түүний дам нөлөө нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, эрчимжих эрсдэлийг үүсгэж байна. Иймд бодлогын хүүг 2 нэгж хувиар өсгөн мөнгөний бодлогын төлөвийг хатууруулж, инфляцыг зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах нь зүйтэй гэжээ. Түүнчлэн экспортын түүхий эдийн үнэ буурч, гадаад секторын эмзэг байдал нэмэгдсэн, эрэлт, зардлын шалтгаанаар инфляц өсөж, цаашид хүлээлтээр дамжин эрчимжих эрсдэлтэй энэ үед бодлогын хүүг 2 нэгж хувиар өсгөж, зах зээл дэх инфляцын хүлээлтийг бууруулна гэж үзэн бодлогын хүүг 12 хувьд хүргэх шийдвэрт хүрчээ.
Улмаар банкны системийн хэрэглээний зээлийн үлдэгдэл 2024 оны эцсийн байдлаар 11.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 35.5 хувиар нэмэгджээ. Үүний 23.7 нэгж хувийг цалингийн зээл, 5.3 нэгж хувийг тэтгэврийн зээл бүрдүүлсэн байна. Амьжиргааны суурь зардлаа хангахын тулд сарын орлогынхоо 48 хувиас багагүй хэсгийг дундаж өрхийн хувьд хэрэглээндээ зарцуулах тооцоолол байдаг аж. Гэтэл зээлдэгчид өр орлогын харьцаа /ӨОХ/-ны дээд хязгаар 55 хувьд тулгаж зээл авах хандлагатай болжээ. Мөн тэтгэвэр авагч иргэдийн 53.2 хувь нь тэтгэврийн зээлтэй, эдгээр иргэдийн ӨОХ дундаж 84 хувьд хүрсэн байна.
Тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийн төлбөрийн дарамт харьцангуй өндөр, зээлээ төлж дуусахаас өмнө зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан нэмж зээл авах хандлагатай байна. Энэ нь тухайн иргэдийн хувьд санхүүгийн хараат бус байдал алдагдаж, зээлийн төлбөрийн хүндрэл үүссэнийг илтгэжээ. Иймээс банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоох шаардлага гарчээ.
Цалингийн өсөлтөөс шалтгаалан иргэдийн зээл авах боломжит хэмжээ нэмэгдэж байгаа нь хэрэглээний зээл хэт өсөх, цаашлаад төлбөрийн тэнцэл, валютын ханшид дарамт учруулж байгаа тул зээлийн хэт өсөлтийг хязгаарлах шаардлагатай болсон аж. Түүнчлэн хэрэглээний зээлийн ӨОХ-ны хязгаарыг 50 хувьд хүргэх нь олон улсын туршлагад нийцнэ. Мөн банкны системийн зээлийг бизнесийн зээлд чиглүүлж, ажил эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ач холбогдолтой гэж Монголбанкны мөнгөний бодлогын хорооны хурлын тэмдэглэлд дурджээ.