“COVID-19”-ийн эсрэг вакцин гаргах хүртэл хүмүүс хоорондоо зайнаас харилцахыг уриалж байна

оруулсан Алсын Хараа

“COVID-19” халдвар Европ тив болон АНУ-д эрчтэй тархаж буй тул тухайн орнуудад мөрдөж буй дэглэмийн талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар, дэлхийн хэмжээнд 1 603 719 хүн “COVID-19” халдвар авч, 85 722 хүн нас барсан бол 356 650 хүн эдгэрчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Их Британид 881, Испанид 683 нас баралт шинээр бүртгэгджээ. Испанид хөл хорионы хугацааг дөрөвдүгээр сарын 26-ныг  хүртэл сунгасан байна.

БНХАУ-д өчигдөр шинээр коронавируст халдварын 42 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Мөн шинж тэмдэггүй 47 тохиолдлыг илрүүлснээр нийт шинж тэмдэггүй 1 047 тохиолдол эмнэлгийн хяналтад орсон байна.

Итали улс өнгөрсөн сарын 9-нд тогтоож байсан хөл хорионы хугацаагаа 5 дугаар сар гаргаж цуцална гэдгээ мэдэгджээ.

Куба улсад энэ баямба гарагаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэр гаргасан байна. Төрийн албан хаагчид болон зайлшгүй үйлчилгээ үзүүлэх шаардлагатай ажилчдыг тусгай чиглэлийн автобусаар ажилд нь хүргэж өгөхөөс бусад тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоригложээ. Мөн тус улсад амны хаалт зүүх, зайнаас харьцах дэглэмийг чанд сахиулах арга хэмжээ мөрдөж байна.

АНУ-д өнөөдрийн байдлаар 14 мужид хичээлийн жилийг дуустал сурагчдыг танхимаар хичээллүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Мөн АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн захирлын хэлснээр шинэ төрлийн коронавирусний өвчлөлийн вакцин гаргаж авах хүртэл хамгаалах аргын нэг нь хүмүүс хоорондоо зайнаас харилцах явдал гэдгийг онцолсон байна.

ДЭМБ-ын Африкийн бүсийн захирлын мэдээлснээр, тус тивд “COVID-19” халдвар авсан хүний тоо 10 мянга давжээ. Тус тивийн 43 улсын хэмжээнд коронавируст халдварын үед хэрэглэх эрчимт эмчилгээний орны тоо 5 000 хүрэхгүй байна. Энэ нь нэг сая хүнд эрчимт эмчилгээний таван ор ноогдоно гэсэн үг бол Европын улсуудад 1 сая хүн ам тутамд 4 000 эрчимт эмчилгээний ор ноогддог байна.

Дэлхийн бусад тивтэй харьцуулахад Африкт коронавирус хожуу бүртгэгдсэн ч сүүлийн өдрүүдэд халдвар эрчимтэй тархаж байна. Африкийн 41 улсын хэмжээнд нийт 2000 хүрэхгүй ажиллагаатай амьсгалын аппарат байна. ДЭМБ-аас тус тивийн улс орнуудад “COVID-19” халдварын тархалтыг зогсоох арга хэмжээг идэвхтэй авах хэрэгтэй гэж анхааруулжээ.

Мөн халдвар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс энэ сарыг дуустал хөл хориогоо үргэлжлүүлэхээр болжээ. Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих