Сайн дураараа хийн түлш рүү шилжсэн айлуудад сар бүр 100 мянган төгрөг өгнө

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн хэд хэдэн асуудлын нэг нь агаарын бохирдлыг бууруулах тогтоол юм.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар танилцуулж, мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэхдээ, “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоолыг баталлаа. Нийслэлд 200 мянга гаруй айлд хатуу түлш хэрэглэдэг. Мөн 804 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Мөн цахилгаан станцууд зэрэг эх үүсвэр агаарыг бохирдуулж байгаа юм. Энэ утгаараа 2025-2026 онд өвөлжилтийг бэлтгэх 32-50 мянган айлыг хийн түлшид шилжүүлэх тогтоолыг баталлаа. Ингэхийн тулд айл өрхүүд хатуу түлшнээсээ сайн дураараа татгалзсан тохиолдолд хийн зуухыг байрлуулах, дулааныг шийдэхээр болсон. Хийн түлшид шилжвэл 2025 оны есдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ныг хүртэл 100 мянган төгрөгийн татаас олгоно. Бүх яам агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс гэр хорооллуудыг бүсчлэн яамдад хариуцуулж айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллуулахаар тогтоолд заасан. Мөн айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, стандартад нийцүүлэх ажилд төрийн цэргийн байгууллагуудыг оролцуулна. Бас төрийн өмчит компаниуд энэ ажилд дэмжлэг үзүүлнэ” хэмээв.

Монгол Улсын хийн түлшний жилийн хэрэглээ 46 мянган тонн байдаг аж. Тэгвэл 32-50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлснээр 100 мянган тонн болж өсөх тооцоолол гарсан байна. Тиймээс хийн түлш импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээний төсөл дээр боловсруулж байгааг хотын дарга ярилаа.

Сэтгэгдэл бичих