Баянхонгор аймгаас өвчтөн тээвэрлэж явсан түргэн тусламжийн машин хот хоорондын автобустай мөргөлдөж, эмч, жолоочтой нарын 6 хүн амиа алдсан харамсалтай осол өчигдөр гарчээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Өчигдөр буюу 2025.03.11-ний 19 цагийн орчим Төв аймгийн цагдаагийн газарт "Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна" гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгдэн, шалгалтын ажиллагаа явагдаж байна" гэв.
Эх сурвалжийн хэлж байгаагаар орон нутгийн автобус Завхан-Улаанбаатар чиглэлийнх байсан гэнэ. Түргэний машинд эмч, жолоочоос гадна 8 хүн зорчиж явжээ. Ослоор эмч, жолоочоос гадна дөрвөн хүн нас барсан гэдгийг онцлов. Харин автобусны зорчигчдын хувьд хүнд гэмтэл аваагүй байна.
Түргэний машинд эмчээс гадна сувилагч мөн зорчиж явжээ. Эмчийн хувьд Баянхонгор аймгийн мэс заслын урдаа барьдаг эмч нарын нэг байсан бөгөөд Улаанбаатарт эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдээ сувилагчийн хамтаар тээвэрлэн явж байжээ. Нас барсан иргэдийн дунд хоёр нь хүүхэд байсан байна.
Орон нутгийн замд зорчиж буй жолооч нар анхаарал болгоомжтой, нэгнээ хүндэлж, гэрлээ шилжүүлэн, хурдаа тохируулж зорчихыг анхааруулж байна.
Эх сурвалж: Цахиур.мн