Манай ард түмэн гоё. Баяр наадам үргэлжлээд л байвал Амьдрал сайхан байна гээд яваад байдаг. Баяр хэд ч байсан, хэр удаан ч үргэлжилсэн тэмдэглээд л байна. Ойрын хэд хоногт монголчууд маань өргөн дэлгэр шинэллээ. Дараа нь маргаашаа марттал Марталлаа. Хэдэн жилийн өмнө дуучин Тэнгэр хэмээх өвөрлөгч эр Хэро Баатарын хийдэг Монгол тулгатан нэвтрүүлэгт орохдоо нэг хятад үлгэрийг ярьж байв шүү. Монгол чөтгөрийг балбаад байх тусам хүч орж, зузаараад барахад амаргүй болдог. Харин будаа идүүлээд, хоол өгөөд, мөнгө, эд агуурс, торго дурданд дурлуулаад байвал барахад хялбар болно гэж хятад үлгэрт өгүүлдэг гэж ярьсан.
Гэвч өнөөдөр монгол чөтгөрүүд бид бас ч гэж Тэнгэр дуучны ярьдаг хятад үлгэрт гардаг шиг зөвхөн эд агуурсанд дурлаад, идэж уугаад, найрлаад суугаад байхаа больчихсон юм байна. Ингэхийнхээ зэрэгцээ ховоо яриад, мэдээллээ солилцоод л явдаг болж. Ууцны ард, буузны хачирт Ухаа худагаа, улс төрийн ховтой нь яриастай л байна. Энэ бол дэвшил. Ухаанаа алдчихаагүйн шинж. Трампын бодлого, Зеленскийн алдаа, Путины хүлээлт, Хятадын бэлтгэл ажиллагаа энэ тэр гээд нүсэр том сэдвээр хэд хоног хүүрнэлдлээ. Ард түмэн ингэж шинэллээ, бас Марталлаа. Энэ зуурт Төрийн ордон ч хов жив нь тасралгүй тайван бус байжээ. Намуудаар ч наашаа цаашаа ихтэй өнгөрсөн сурагтай. Хоёр он дамжуулаад Таван толгой, Ухаа худагийг тойрч хэрэлдсэн монголчуудын талцал хоёр жил дамнуулаад үргэлжилжээ. Таван толгойгоор эхлээд Ухаа худагаар төгсөх тийш хандаж байгаа төр, эзэд хоёрын тэмцэл хараахан дуусаагүй байх шиг байна.
Могой жилийн ажлын эхний өдөр Хуулийн сайд Алтангэрэл Ухаа худагийн талаар Их хуралд танилцуулж шийдүүлэх болсныг зарласан. Тэгүүт улс төр хөдлөөд эхэлж байгаа харагдлаа. Олны ярих ховоор Ухаа худагийнхан утас цохиод улстөрчдийг дуугаргаад байгаа дуулдав. Муусайн улстөрчдийг утасны хонхоор хөдөлгөх нь тэдний хувьд хийхээс өөр арга байхгүй ажил. Авах ёстой арга хэмжээ. Юуны тулд улс төрийг үе үеэр нь барьж ирсэн билээ. Хөрөнгө ч их зарсан. Дор хаяад улстөрчдийг хэдэн үеэр нь өөрсдийн барьсан өндөр зэрэглэлийн сууцандаа урсгал зардлыг нь аваад амьдруулж ирсэн. Уул нь баян хүн гурван төрд нүүртэй сэн. Ийм үг бий. Амьдралаар нотлогдсон үг. Даанч энэ засаг төр тэдний нүүрийг хүлээж авсангүй. Эндээс тэмцэлдсээр эцэстээ бие биедээ л нүүргүй болов.
Төр Ухаа худагийг авахаар шийдэв. Ухаа худагийн эзэд бас зүгээр суухгүй гэдгээ харуулав. Баяруудын үеэр Их хурлын гишүүд рүү гурван фронтоор лобби хийжээ. Энэ Их хурлын гишүүдийг чинь гурав ангилдаг юм байна. Дөнгөж анх удаа гишүүн бологсдыг янзаганууд, хоёр гурав сонгогдож байгаануудыг чононууд, улс төрд удаж олон сонгогдсон гишүүдийг динозаврууд гэдэг гэнэ. Эхний удаад янзаганууд засагт анхааруулга өгч язганатал ажиллажээ. Араас нь чоно, динозавр ангиллын гишүүд тодорч юуны магад.
Ухаа худагийнхан дамжаад Ардчилсан нам руу орсон байгаа юм. Энэ их сонин юм болж байна гэнэ цаана чинь. Хуулийн сайд Алтангэрэл Ухаа худагийг ярьсаар байгаад хүчтэй улстөрч болчихлоо, аягүй бол удахгүй Ардчилсан намын дарга болно шүү гээд айлгачихаж. Ардчиллын хэд маань айхдаа Алтангэрэлээ балбаж гарав. Алтангэрэл бол Ардчиллын дайсан гэх шахаж байна. Нам дотор ч энэ мэдээ түргэхэн зуурт тарж, тиймэрхүү уур амьсгал бүрдээд авсан байна. Зохиол ёсоор явж байна гэсэн үг. Одоо энэ уур амьсгал дээр дөрөөлөөд энэ засагт Эдийн засгийн сайдаар орсон Гантөмөрийг Ардчилсан намын даргаас буулгахад амар болно. Арынх нь хэн байх вэ гэдэг дээр ч мань Ухаа худагийнхан хэдийнэ тооцсон нь ойлгомжтой. Горилж байгаа хүмүүс ч дуулдаад, ухаа худагийнхантай шадарлаад эхэлжээ. Ардчилсан нам гэж 8 жил гудамжинд лааз өшиглөчихсөн, ажил өгнө гэвэл нүдээ ухаад өгөхөөс буцахгүй олон гишүүнтэй болоод байгаа. Ийм байхад Ухаа худагийнхны тоглолтоос гажихад хэцүү л дээ. Амархан байгаа нь ойлгомжтой. Ухаа худагийн энэ төлөвлөгөө бүтвэл засаг задрах нигууртай.
Нэг дэх хувилбар нь нэг янзагаар огцруулах бичиг бэлдүүлсэн. Хоёр дахь хувилбар нь засагт хамтарсан Ардчилсан намын удирдлагыг авч, дотроос нь өшигчихөөр бэлдэж байгаа л бололтой харагдаж байна. Ганц Ардчилсан нам биш Ардын намд ч ийм лобби явж байгаа дуулдсан. Тэгэхлээр цаашдаа Ухаа худагийнхнаас гурав дахь, дөрөв дэх хувилбарууд гарна. Тэр ойлгомжтой. Тэдгээрийн аль нэг нь Ухаа худагт шунаад байгаа засгийг аваад залж мэднэ. Юутай ч Ухаа худагийн эздийн Ардчилсан намд хайр зарласны учир ийм л байгаа болов уу даа. Энэ удаад ингээд түр зогсъё. Хов дуулдвал хуваалцана. Олны яриа ортой. Ордон хавиарх нь бүр баттай байдаг. Ажиглаарай.
Ажиглагч А.БАтБОлд
"Өдрийн сонин"
2025.03.10