З.Энхболд цагаатсан ч “бүх ард түмний өмч”-өө дахин сөхөв

оруулсан Алсын Хараа

Нүүрсний хэрэгт нэр холбогдож явсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт /2025.02.05/ болсон. Тус хурлаар З.Энхболдыг цагаатгасан бол Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцсон билээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч З.Энхболдыг улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгохоор бусдад нөлөөлсөн гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг шүүх хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж, шүүх хуралдааны явцад талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтуудад тулгуурлан шүүгдэгч З.Энхболдыг дан ганц мэдүүлгээр яллаж байгаа нь хуульд заасан хөдөлбөргүй нотлон тогтоох шаардлагыг хангаагүй буюу нотлогдвол зохих байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, түүнийг цагаатгасан юм.

Түүний хувьд Тавантолгойг Монголд ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хоёр улсын хооронд яригдах бүрт гарч ирдэг гэхэд хилсдэхгүй. Энэ удаад ч мөн эрх ашиг, энэ тэргүүний зорилгоо иргэд нийтийн өмч хэмээх попролоор дахин сөхөв.

Өнгөрсөн шөнө тэрбээр цахим хуудастаа сүржин агуулга бүхий мэдээллийг нийтэлсэн. Тодруулбал, түүнийг нүүрсний хулгайчаар гүтгэсэн хүмүүс өөрсдөө хууль зөрчсөн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үүнд анхаарч, шударга ёс тогтоох хэрэгтэй гэжээ.

Тэрбээр цахим хуудастаа, "Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж, шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Тавантолгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худгыг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, Засгийн газрын шийдвэр тогтоол гарах ёстой. Тэр тусмаа нийт монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй. Л.Оюун-эрдэнийн Засгийн газар энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч “Эрдэнэс Тавантолгой” ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой." гэсэн байна.

Сэтгэгдэл бичих