Ц.Ганзориг: Сурагчид улирахгүй байх тооцоо судалгааг гаргасан

оруулсан Алсын Хараа

Сургууль, цэцэрлэгийн сургалтыг зогсоосон ч хүүхэд улираахгүй байх бүх тооцоо судалгааг БСШУСЯ-наас гаргасныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, "БСШУСЯ дээр бүх тооцоо судалгааг хийсэн тул ямар нэгэн хүүхэд анги дэвшихгүй байх асуудал гарахгүй. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулах, төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх ажлыг судалж зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэгдсэн. БСШУСЯ-наас бэлтгэл болон техникийн ажлыг дуусгаагүй тул энэ асуудлыг өнөөдрийн УОК-ын хурлаар авч хэлэлцээгүй. Учир нь Засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолын төслийг УИХ-аас батлахтай холбоотой хүлээгдэж байгаа зүйл бий" хэмээв.

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, 0-12 насны хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүдэд цахимаар ажиллах хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргасныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэв.

Мөн зарим мэдээллийн хэрэгслээр 82 настай хөдөлмөрийн баатрыг тусгай нислэгээр авчраагүй гэсэн ташаа мэдээлэл гарч байгааг тэмдэглэж, тухайн иргэн тусгай нислэгт багтан эх орондоо ирсэн гэдгийг тайлбарлав. Иймд УОК-ын шуурхай штабын мэдээнд үндэслэж хүлээцтэй хандах хэрэгтэйг анхаарууллаа.

Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих