П.Шинжээравдан, н.Хөхөө нарын хэсэг иргэд Төрийн ордны хажууд ураны эсрэг хэмээн жагсаж байгаа. Саяхан тэд жагсаалынхаа үеэр 2 толгойтой, 6 хөлтэй хурга гэгчийг шилэнд хоргонд авчирч үзүүлэн, үүнийгээ ураны хайгуул хийх үед хордсон хэмээн тайлбарласан юм. Гэвч үнэндээ тэдэнд энэ нь уранд хордсон гэх нь байтугай Дорноговь аймгийн Улаанбадрах сумынх гэдгийг ч нотлох ямар нэг баримт, тэр бүү хэл энгийн гарал үүслийн бичиг ч байсангүй.
Эсрэгээрээ эх сурвалж нь нууц гэсэн мафитай кино шиг зүйл ярив.
Тэгвэл нутгийн иргэд энэ бүхнийг няцааж буй юм. Жишээлбэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3-р багийн малчин С.Цэвэлмаа: "Манай энд энгийн байдгаараа байж л байна. Хэсэг бүлэг хүмүүс янз янзын цуу яриа тараагаад яваад байна. Тэд нарын үгэнд автаад ийшээ тийшээ явсан хүн ч байхгүй.Гэхдээ хүмүүсийн яриа бидэнд сөргөөр нөлөөлж байна. Улаанбадрахын мах хортой гээд Сайншандад мах, мал аваачихаар авахгүй байх тохиолдол бий.Тэгэхээр энэ худлаа ярьж байгаа хүмүүсийг нэг тийш нь болгомоор байна. Манай энэ хавийн мал, ундны ус хордоод үхэж үрэгдсэн зүйл байхгүй. Бид өдөр тутамдаа хэрэглээд зүгээр л байна" гэжээ. Хэрвээ үнэхээр ураны хайгуулаас үүдэн мал хордож буй бол Оросыг дэмжицгээе, Засгийн Газрыг огцруулалгүй ажлыг нь хийлгэе гэдгээс эхлээд бүхий л жагсаалд оролцож явдаг "Мэргэжлийн" жагсагчид биш малчид түрүүлж мэдмээр юм.
Ер нь малчин түмэндээ итгэх үү?
"Мэргэжлийн" жагсагчдад итгэх үү?
Эх сурвалж: Sonin.mn
Э.Солонго