Хэрэв ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөхгүй бол Оросын эсрэг хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлжээ.
“Яг одоо тохиролцоонд хүрч, энэ утгагүй дайныг ЗОГСОО! ЗОГСООХГҮЙ БОЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ УЛАМ МУУДАХ БОЛНО” гэж Д.Трамп лхагва гарагт “Truth Social” нийгмийн сүлжээний хаягтаа бичсэн байна. Тэрбээр албан тушаалдаа орсноос хойш дайны талаар анх удаа үг хэллээ.
“Хэрэв бид хэлэлцэн тохиролцохгүй бол Оросоос АНУ болон бусад орнуудад худалдаж буй бүх зүйлд өндөр татвар ногдуулж, хориг тавихаас өөр сонголт надад үлдэхгүй. Миний бие Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бол энэ дайн хэзээ ч дэгдэхгүй байсан, дайныг дуусгацгаая! Бид үүнийг амар хялбар эсвэл хүнд хэцүү аргаар хийж чадна, амар хялбар нь үргэлж илүү байдаг. ТОХИРОЛЦООНД ХҮРЭХ цаг болсон. ДАХИН ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭХ ЁСГҮЙ” гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлжээ.
Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "В.Путин, В.Зеленский хоёртой ярилцаад Украины дайныг 24 цагийн дотор зогсоож чадна" гэж мэдэгдэж байсан боловч яг ямар санал тавих гэж байгаагаа тодорхой яриагүй юм.
АНУ, Европын Холбоо болон бусад орнуудын зүгээс Орост хэдийнэ хориг арга хэмжээ аваад байгаа бөгөөд Д.Трамп нэмж ямар хориг тавих нь тодорхойгүй байна. Үүний зэрэгцээ тэрбээр Вашингтоноос Киевт үзүүлж буй олон тэрбум долларын цэргийн тусламжийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Д.Трамп тангараг өргөснийхөө дараа хийсэн мэдэгдэлдээ Украины талаар огт дурдаагүй билээ.