Н.Учрал: "Орано Майнинг"-аас авлига авсан албан тушаалтнуудын мэдээлэл ил тод болсон

оруулсан Алсын Хараа

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэлэлцсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасантай холбоотойгоор ямар дэг баримтлах талаар хэлэлцэж, дэгээ баталсан байна.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын анхны Төрийн тэргүүн, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Пунсалмаагийн Очирбатыг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх ёслолыг гүйцэтгэнэ. Оршуулгын комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдын захимжаар байгуулж, миний бие ахалж байна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай Ардын их хуралд хамт ажиллаж байсан эрхмүүд, Үндсэн хууль батлалцаж, Үндсэн хуулийн цэцэд хамтран ажиллаж байсан, мөн уул уурхайн шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан хамтран зүтгэгчдийг нь оруулж, энэ эрхэм хүний дурсгалыг мөнхжүүлэх, бүтээсэн үйл хэргийг нь олон нийтэд танилцуулах чиглэлээр тодорхой мэдээллүүдийг цаг тухайд нь хүргэн, ажиллаж байна. Үүн дээр бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг анхаарал ач холбогдол өгч ажиллахыг хүсэж байна. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхэм хүнээ гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх арга хэмжээг энэ баасан гарагийн 07.40-09.40 цагийн хооронд зохион байгуулна. Мөн 21 аймаг, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдууд дээр эмгэнэлийн дэвтэр ажиллуулж, ард түмний эмгэнэлийг бичүүлэн авч байна. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгана. Мөн энэ хугацаанд олон нийтийг хамарсан урлаг спорт, биеийн тамир, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг дэгээр хориглож байна. Иймээс Монгол Улсынхаа анхны Ерөнхийлөгчийг сүүлчийн замд нь үдэх ёслолыг Монголын ард иргэд хүндэтгэлтэйгээр хүлээн авч, хамтран ажиллахыг уриалж байна.

-Төрийн өмчит компаниудын орон тоог цомхотгохоор болжээ.  Хуулийн төсөл ямар шатандаа яваа вэ?

-"Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэснээрээ чиг үүргийн давхардлыг бууруулж, орон тоог 30 хувь хүртэл цомхотгоно. Цаашдаа ийм бодитой тооцооллыг хийнэ. "Эрчист Монгол" дээр уул уурхайн бус компаниудыг нэгтгэснээр ТУЗ байгуулагдаж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг хийгээд эхлэхээр цалин дээр гэхэд 11 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Цаашдаа тодорхой хэмнэлтийг тоогоор харуулж, танилцуулна. Цалин хөлс, урамшууллын тогтолцоог бид Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулиар 74 мэдээлэл ил болно. Энэ хүрээнд цалин хөлс нь ил болно. Дээрээс нь Баялгийн санд 270 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлээд байгаа компанийн захирлын цалин, гурван жил алдагдалтай ажилласан компанийн захиралтай адил цалин авч байна. Урамшуулал ашигт ажиллагаанд суурилна. Тэр нь олон нийтэд ил байна. Компаниуд жил бүр алдагдлаа бууруулж, хэмнэлт хийж байх ёстой. Сайн жишигт тулгуурласан бизнес нөхөрлөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зөвшөөрөл нэртэй бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээг долоо хоног бүр шийдвэрлэнэ. Нийт 360 зөвшөөрөл батлагдсан боловч хууль нэмж баталсантай холбоотойгоор 400 гаруй болж нэмэгдсэн байна. Зарим бизнесийн үйл ажиллагааг зөвхөн мэдэгдэж, үйл ажиллагаа явуулдаг болно. Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ. Ажлын хэсгийн ахлагчийн хувиар МҮХАҮТ болон худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллах саналыг хүргүүлж байна. Энэ талаарх гомдол саналыг нээлттэй авч эхэлнэ.

-"Орано Майнинг"-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой авлигын хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн юм уу?

-Би "Орано Майнинг" группийн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг ахалж ажилласан.  Дэд таван ажлын хэсэг дээр таван сайд ажилласан. Өнгөрсөн цаг хугацааны бүх түүх, архивын баримттай танилцсан. Энэ төсөл 28 жил болсон. Алдагдсан боломжийг ярьвал асар том тоо яригдана. Хэрэв 10 жилийн өмнө энэ төсөл хэрэгжсэн бол бид 2.5 тэрбум ам.доллар олох байсан. Өнгөрсөн 2013-2017 оны үйл явц юм билээ. Энэ мэдээлэл хаанаас ирсэн бэ гэхээр “Энержи ньюс”, Францын маш олон сайтаар нээлттэй байсан мэдээлэл. Монгол Улсын хэвлэл мэдээллээр 2018 оноос энэ талаар мэдээлж байсан. Энэ нууц биш. Тухайн компани 2013-2017 онд үйл ажиллагаагаа явуулахдаа зуучлагч компаниар дамжуулан гүйлгээ хийж, ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг авахад Монголын төрийн албан тушаалтнуудад нөлөөлсөн гэдэг асуудлаар Францын прокурорын байгууллага шалгасан юм билээ. Түүний дараа 2019 онд Монголын АТГ-руу Францын Санхүүгийн прокурорын газраас хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн. Тэгээд хэргийг шалгасаар байгаад 2024 оны арванхоёрдугаар сард Францын Санхүүгийн прокурор дээрх хэрэг нь CJIP олон улсад Парисын гэрээгээр баталгаажуулдаг хэлбэрээр тухайн компанид торгууль ногдуулдаг. Тэр компанид ажиллаж байсан хоёр хүн нь Монгол Улсын төрийн албан тушаалтнуудад авлига өгч, лиценз авсан байж болзошгүй гэх 4.8 сая еврогоор торгож, хэргийг хаасан. Харин би үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагчийн хувиар АТГ болон Улсын ерөнхий прокурор руу энэ талаарх нээлттэй мэдээлэл өгөх хүсэлтийг явуулсан. Бусад хаалттай мэдээллийг нь мэдэхгүй. Гэхдээ энэ хэрэг бол ил тод асуудал.

-Ямар албан тушаалтнууд холбогдсон байдаг вэ?

-Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан хүн болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн хамтран гурван тусгай зөвшөөрлийг олгосон гэдэг. Үүнд нь "Евро трейд" гэдэг зуучлагч компаниар Францын хоёр иргэн авлига өгсөн байж болзошгүй гэх  хэрэг үүссэн. Тэгэхээр Монголын хуулийн байгууллага ажлаа хийх ёстой байх. Францын шүүх бол эцэслэсэн. Бид хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ авлигатай тэмцэх бүлэг оруулж өгсөн. Энэ гэрээн дээр хориглох заалт буюу урамшуулал, бэлэг авах, зуучлах, давуу байдлыг хориглосон. Би ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2015 онд ажиллаж байсан нэг ч хүнийг хэлэлцээрт оруулаагүй. Авлигаас ил тод хариуцлагатай хийх зарчмаар ажилласан. Тийм учраас нуух зүйл байхгүй. Ардчилсан намын бүлгийн хурлыг хаалттай гэж ойлгодог. Тийм учраас гишүүд нээлттэй ярьж байна гэж бодсон. Би асуудлыг ярьсан. Хэн нэгнийг гүтгээгүй. Надад хуулийн байгууллагаас ирүүлсэн бичгүүд нь байна. Францын дипломат харилцааны хүрээнд авсан бичиг нь байна. 2012-2016 онд хэний Засгийн газар ажиллаж байсан бэ. Тухайн үед Ашигт малтмал эрхлэх газрын дарга нь хэн байсан бэ. Надаас асуухаар нь би хариултаа хэлсэн. Би хэн нэгнийг гүтгээгүй. Нэр дурдагдсан хүмүүс хуулийн байгууллагаар шалгагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (7510)

Сэтгэгдэл бичих