Т.САЙХАН
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрээр "Би хамтарсан Засгийн газрын "Орано Майнинг" группийн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг ахалж ажилласан. Би өнгөрсөн цаг хугацааны бүх түүх, архивын баримттай танилцсан. Энэ төсөл 28 жил болсон. Алдагдсан боломжийг яривал асар том тоо яригдана. Хэрэв 10 жилийн өмнө энэ төсөл хэрэгжсэн бол бид 2.5 тэрбум ам.доллар олох байсан. Өнгөрсөн 2013-2017 оны үйл явц юм билээ. Энэ мэдээлэл хаанаас ирсэн бэ гэхээр "Энержи ньюс", Францын маш олон сайтаар нээлттэй байсан мэдээлэл. Монгол Улсын хэвлэл мэдээллээр 2018 оноос энэ талаар мэдээлж байсан. Энэ нууц биш. Тухайн компани 2013-2017 онд үйл ажиллагаагаа явуулахдаа зуучлагч компаниар дамжуулан гүйлгээ хийж, ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг авахад Монголын төрийн албан тушаалтнуудад нөлөөлсөн гэдэг асуудлаар Францын прокурорын байгууллага шалгасан юм билээ. Түүний дараа 2019 онд Монголын АТГ-руу Францын Санхүүгийн прокурорын газраас хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн. Тэгээд хэргийг шалгасаар байгаад 2024 оны арванхоёрдугаар сард Францын Санхүүгийн прокурор дээрх хэрэг нь CJIP олон улсад Парисын гэрээгээр баталгаажуулдаг хэлбэрээр тухайн компанид торгууль ногдуулдаг. Тэр компанид ажиллаж байсан хоёр хүн нь Монгол Улсын төрийн албан тушаалтнуудад авлига өгч, лиценз авсан байж болзошгүй гэх 4.8 сая еврогоор торгож, хэргийг хаасан. Харин би үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагчийн хувиар АТГ болон Улсын ерөнхий прокурор руу энэ талаарх нээлттэй мэдээлэл өгөх хүсэлтийг явуулсан. Бусад хаалттай мэдээллийг нь мэдэхгүй. Гэхдээ энэ хэрэг бол ил тод асуудал.
Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан хүн болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн хамтран гурван тусгай зөвшөөрлийг олгосон гэдэг.
Үүнд нь "Евро трейд" гэдэг зуучлагч компаниар Францын хоёр иргэн авлига өгсөн байж болзошгүй гэх хэрэг үүссэн. Тэгэхээр Монголын хуулийн байгууллага ажлаа хийх ёстой байх. Францын шүүх бол эцэслэсэн. Бид хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ авлигатай тэмцэх бүлэг оруулж өгсөн. Энэ гэрээн дээр хориглох заалт буюу урамшуулал, бэлэг авах, зуучлах, давуу байдлыг хориглосон. Би ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2015 онд ажиллаж байсан нэг ч хүнийг хэлэлцээрт оруулаагүй. Авлигаас ил тод хариуцлагатай хийх зарчмаар ажилласан. Тийм учраас нуух зүйл байхгүй. Ардчилсан намын бүлгийн хурлыг хаалттай гэж ойлгодог. Тийм учраас гишүүд нээлттэй ярьж байна гэж бодсон. Би асуудлыг ярьсан. Хэн нэгнийг гүтгээгүй. Надад хуулийн байгууллагаас ирүүлсэн бичгүүд нь байна. Францын дипломат харилцааны хүрээнд авсан бичиг нь байна. 2012-2016 онд хэний Засгийн газар ажиллаж байсан бэ. Тухайн үед Ашигт малтмал эрхлэх газрын дарга нь хэн байсан бэ. Надаас асуухаар нь би хариултаа хэлсэн. Хаалттай хурал гэж бодоод чөлөөтэй ярьтал Н.Алтанхуяг бичлэг хийж, өөрийн фэйж дээрээ нээлттэй тавьсан байна лээ. Би хэн нэгнийг гүтгээгүй. Нэр дурдагдсан хүмүүс хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа" гэв.