О.Алтангэрэл: Хөрөнгө нь хууль бус гэж үзэх үндэслэл илэрвэл хурааж авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ

оруулсан Алсын Хараа

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль болон бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Авлигын багц хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас түүхэн шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Энэ үүрэг дунд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь мөн багтана. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлж байсан баялгийн шударга бус хуваарилалт. Тодруулбал, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа этгээдүүд баяждаг, хөлждөг, хөрөнгөждөг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын иргэн шударгаар өмчтэй байх эрхтэй байна зааж өгсөн. Харамсалтай нь, шударгаар гэдэг үгийн утга гажуудсан тул иргэд бухимдалтай байсан. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс гурван ч удаа Өршөөлийн хууль баталсан. Үүний хоёрт нь албан тушаалын гэмт хэргийг бүтэн хамруулсан. Нэгт нь хэсэгчилж оруулсан. Түүнчлэн, 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргасан. Үүнд 35.4 их наяд төгрөгийн хөрөнгө багтсан. Тэр үед улсын төсөв зургаан их наяд байсан. Ингээд өнгөрсөн жилүүдэд албан тушаалтай хүмүүст хариуцлага тооцох, эдгээрийн хөрөнгийг хураах асуудал байнгын бэрхшээлтэй явж ирсэн. Үүний шалтгаан нь хууль эрх зүйн орчин дутмаг, олон зүйл зохицуулагдаагүй байсан. Энэ болгоныг зохицуулах зорилготой Монгол Улсад шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй. Нэн ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд хууль бусаар хөрөнгөжих ёсгүй гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, Засгийн газар хууль тогтоомжийн биелэлтийг биелүүлэх УИХ-ын өмнө үүрэг гүйцэтгэдэг дээр үндэслэн хуулийн төсөл өргөн барилаа.

Өнгөрсөн жилүүдэд асар олон хүн авлигын өршөөлд хамрагдсан. Өршөөлийн хуульд хамрагдсан, торгуулсан, ял шийтгэлгүй гарсан. Эдгээр этгээдүүдийн хувьдаа завшсан төрөөс хулгайлсан мөнгө нь өөрсдөд нь үлдэж байсан. Тэгэхээр одоо хөрөнгө нь хууль бус гэж үзэх үндэслэл илэрвэл хурааж авах эрхзүйн орчинтой болж байна.

Засгийн газарт өргөн барьж байгаагаар батлагдах юм бол төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгана. Иргэд авлигын талаарх мэдээллийг төрийн байгууллагад өгвөл урамшуулдаг байх зохицуулалт орсон” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих